Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн туслахтай болно

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульдаа тэдний бие даан амьдрах эрхийг баталгаажуулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн алтан боломж” ТББ хамтран Канад сангийн санхүүжилтээр “О юуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн нээлтийг өнөөдөр /2017.09.22/ хийлээ.

Төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямарваа нэгэн ажил эрхэлж түүнийгээ бүрэн хийж чадахгүй байгааг хувийн туслах нь гүйцэлдүүлэх юм. Мөн тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар түвшинд хөдөлмөрийн чадвараа алдсан байгаагаас шалтгаалаад хувийн туслахын үүрэг ажил өөр өөр байна. Албан бус судалгаагаар 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас хорь хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлдэг байна. Бусад улс оронтой харьцуулбал энэ нь маш бага тоо юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөр эрхэлснээр тэд зөвхөн асаргаа халамж авдаг хүмүүс биш, харин туслахтайгаа хамтраад нийгмийн баялаг бүтээгч бие даасан хүн болж байгаараа онцлог юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний туслахыг цагийн ажилтнаар ажиллуулж, нэг цагийн ажлын хөлс ийг 3500 төгрөгөөр тооцно. Энэхүү ажлын хөлсийг төсөл хэрэгжих хугацаанд Канад сангаас санхүүжүүлэх юм.

Энэхүү төслийн санааг манай улсад шинээр хэрэгжүүлж байгаа ба дөрвөн сарын хугацаанд туршилтын журмаар төсөл хэрэгжих гэнэ. Цаашид төрийн бодлоготой уялдуулан өргөн хүрээтэй, хүртээмжтэй ажил болгох нь чухал гэж төсөл санаачлагчид хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ