Эмч нарын цалинг шат дараалалтайгаар нэмнэ гэв


Энэ сарын 15-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн Газарт хүргүүлсэн билээ. Уг шаардлагад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дараах хариуг өгсөн байна.
Эрүүл мэндийн яамнаас:
- Сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгох,
- Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны зүгээс салбарын ажилтны цалин, хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран ажиллаж байгаа аж.
Тухайлбал Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/107/А/230 дугаар хамтарсан тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийх аргачлалыг батлажээ. Мөн үнэлгээ хийх ажлыг амжилттай зохион байгуулсан байна.
Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал зэрэглэл шинэчлэгдэх юм. Өөрөөр хэлбэл салбарын ажилтнуудын албан тушаалыг байгууллагаар нь ангилж, зэрэглэдэг байсан бол үнэлгээний үр дүнд мэргэжил, мэргэшилд тулгуурлан ангилах боломж бүрдэж байна.Одоогийн байдлаар ажлын байранд онооны аргаар хийх үнэлгээг Дорнод, Өвөрхангай аймгийн БОЭТ, Булган, Дархан-Уул аймгийн зарим эрүүл мэндийн байгууллагад амжилттай гүйцэтгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ