Ц.Сандуй огцорч, Трампыг "солиотой өвгөн" болгосон нь

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

Ерөнхийлөгч НҮБ-ын чуулган оролцсонгүй

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулга есдүгээр сарын 19-нд эхэлсэн. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй юм. Харин Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж.

У.Хүрэлсүхийг МАН-ын 40 гишүүн дэмжихээ мэдэгдэв

Засгийн газрыг огцруулсны дараа, дараагийн Ерөнхий сайдын албан бус тов гарсаар байсан билээ. Тэгвэл МАН-ын 40 гаруй гишүүн МАН-ын дарга М.Энхболдод дараагийн Ерөнхий сайдад хэнийг дэмжих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн "У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэсэн албан бланк дээр гарын үсэг зурж намын даргадаа хүргүүлжээ. Тус албан бланк дээр Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд тэргүүтэй гишүүд гарын үсгээ зуржээ.

Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэв

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээр шийдвэр гаргаснаа өнөөдөр албан ёсоор зарлалаа. Ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 25-нд МАН Бага хурлаа хийнэ. Тус хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулна. Үүнээс урьтаж, МАН-ын фракцууд ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ дотооддоо тодруулж буй. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний хувьд хамгийн түрүүлж Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор зарласан нэр дэвшигч боллоо.

Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөлөв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв. НИТХ-д нийт 38 гишүүн оролцсон бөгөөд 81,82 хувийн саналаар ажлаас чөлөөлөхийг дэмжив.

Хуралдааны үеэр дөрвөн төлөөлөгч асуулт асууж, таван төлөөлөгч санал хэлэв. Ингэхдээ НИТХ-ын хэвийн явагдаж байсан үйл ажиллагаа 2016 оны долдугаар сараас хойш доголдож эхэлсэн гэж Ардчилсан намын төлөөлөгчид шүүмжилж байв. Энэ асуудалд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буруутай гэсэн байр суурийг ч сөрөг хүчнийхэн илэрхийлсэн юм.

Төсвийн тодотголын төслийг хэлэлцэв

Засгийн газрын ээлжит бус хуралдаан есдүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Уг хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Багш нар ажил хаялт зарлав

“Багшийн цалин нэмэх түр хороо"-оос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авсангүй. Тэд төлөвлөж байснаараа есдүгээр сарын 21-нд ажил хаялтаа эхлүүлсэн. Ажил хаялт 08:00 цагаас эхэлсэн бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжилсэн юм.

Улсын хэмжээнд: ЕБС-ийн багш нарын 60 хувь нь, СӨБ-ын багш нарын 50 хувь нь

Улаанбаатар хотын хэмжээнд: ЕБС-ийн багш нарын 55 хувь нь, СӨБ-ын багш нарын 40 хувь нь ажил хаяж байгаа гэж түр хорооны баруун бүс хариуцсан зохицуулагч Г.Энх-Амгалан мэдээллээ.

Трамп НҮБ-ын гишүүн орнуудыг бүрэн эрхт байдлаа хамгаалахыг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр НҮБ-ын гишүүн орнууд “Украинаас аваад, Өмнөд Хятадын тэнгис хүртэл” бүрэн эрхт байдлаа хамгаалах ёстой” гэж мэдэгдэв.

“Бид эрх зүйг хүндэтгэх, хил хязгаарыг хүндэтгэх, соёлыг хүндэтгэх явдал, дэлхий нийтийн хамтын ажиллагааг дэмжих ёстой” гэсэн байна.

Ким Чен Ун “АНУ-ын солиотой өвгөнийг номхоруулна” гэв

Ким Чен Ун НҮБ-д Трампын хэлсэн үгийг дайн зарласан хэрэг гэж үзжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын НҮБ-ын Ерөнхий Ассамбалейн чуулганы индрээс хэлсэн үгийг тус улсад дайн зарласан хэрэг хэмээн үзжээ. Энэ талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдэгдэл тараасан байна.

“Трамп манай улсыг устгах зорилгоор дайн зарласан учир бид адилхан түүхэнд байгаагүй хатуу хариу арга хэмжээ авах болно. Америкийн солиотой өвгөнийг би номхоруулна” гэж мэдэгдэлд тэмдэглэснийг хэвлэлд дурджээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор ирсэн Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо америкийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “нохойн хуцалт” хэмээн тодорхойлсон юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ