Ханбогдын залуучуудыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр зарлав
Иргэний Боловсролын Төв нь Монгол Улсын засгийн газар болон НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагын нэгээр ажилладаг бөгөөд Оюу толгой компанийн санаачлага, санхүүжилтээр Ханбогд сумын зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих боловсролын төслийг хэрэгжүүлж байна.
Ханбогд сумын харьяат Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд, сургууль, коллеж, МСҮТ–д 2017-2018 онд амжилттай суралцаж буй, цаашид орон нутгийн хөгжил, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуучуудын дунд 2017-2018 оны хичээлийн жилд стипенд олгох тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Зорилго:
Оюутан залуучуудын сурах хүсэл эрмэлзлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг сайжруулах, залуучуудын хөгжил, хүний эрх, оролцооны талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлснээр тэднийг чадавхжуулан эрх мэдэлжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллах хүсэл сонирхлыг бий болгон, оролцоо, санаачлагаа хэрэгжүүлэх боломж олгох замаар орон нутагтаа цаашид тогтвортой ажиллан хөгжилд хувь нэмрээ оруулах эерэг хандлагатай, чадварлаг, оролцоотой залуу хүнийг төлөвшүүлэх
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын 15-34 насны иргэн (2017 оны 10 сарын 1-ний байдлаар) байх,
- Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 1, 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан, эсвэл Коллеж, МСҮТ-ийн сурагч байх,
- Их, дээд сургуулийн оюутан бол Иргэний боловсрол, Нийгмийн ажилтан, Улс төр судлал, Түүх нийгмийн ухаан, бага анги, цэцэрлэгийн багш, сувилахуйн ухааны мэргэжлээр суралцаж байх,
- Олон нийтийн, сайн дурын ажилд оролцдог байх,
- Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх,
- Тэтгэлгийн хугацаанд явагдах бүх үйл ажиллагаа, сургалтад хамрагдах боломжтой байх,
- Орон нутгийн хөгжил, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт /Ханбогд сум
- Сурч буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалт
- Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлт, зорилгоо илэрхийлсэн “Орон нутгийнхаа хөгжилд миний хувь нэмэр” сэдэвт 500 хүртэлх үгтэй эссэ
- Оюутны үнэмлэхний хуулбар/шалгарсан оюутан эхээ авчирч үзүүлэх
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлт, материалыг 2017 оны 10 сарын15-ны дотор Иргэний Боловсролын Төвд биеэр юмуу имэйлээрхүргүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ