Концесс үнэхээр "хадны мангаа" гэж үү?

Концессоор босгосон бүтээн байгуулалт

Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль саяхан будаг нь ханхалсан хичээлийн шинэ байрандаа орлоо. Ганцхан жилийн дотор 1500 хүүхдийн багтаамжтай эрдмийн саруул өргөөг “Цамхаг Констракшн” компани концессын гэрээгээр сүндэрлүүлжээ. Тус сургуулийн байранд сургалтын үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт аль 2013 онд гарсан юм билээ. Түүнээс хойш 14 дүгээр сургуулийн сурагчид ойролцоох дөрвөн сургуульд гурван ээлжээр хуваагдан хичээллэдэг байв.

Удалгүй концессын гэрээгээр сургуулийн байрыг нь барьж өгнө гэсэн баяртай мэдээг сургуулийн удирдлагууд нь эцэг эхчүүдэд дуулгажээ. Манайхан л болсон хойно “Хэдэн жилдээ бүтэхгүй, хэзээ ч хүүхдүүд шинэ байртай болох юм бүү мэд” гэсэн сөрөг хандлага ажиглагддаг байж. Зарим эцэг эхчүүд бүтэхгүй нь гэдэгт бат итгээд хүүхдээ өөр сургууль руу шилжүүлсэн тохиолдол ч бий гэнэ.

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг, төсөв хүндхэн байсан учраас сургуулийн барилга шинээр барих асуудлыг шийдэхгүй нэлээд уджээ. Аз болж өнөөх л муу нэр, луу данстай концесс гэгчээр асуудлыг шийдэхээр болж, Засгийн газрын 2016 оны 259 дүгээр тогтоолын дагуу “Цамхаг Констракшн” ХХК-тай концессын гэрээг байгуулжээ. Энэ компани 100 хувь өөрийнхөө хөрөнгөөр тухайн сургуулийн барилгыг 1 жилийн хугацаанд хурдан шуурхай, чанартай барьж, хүлээлгэн өгсөн байна.

Одоо харин төртэй байгуулсан гэрээний дагуу тус компани санхүүжилтээ төсөвт хүндрэл учруулахгүйгээр тусгай графикийн дагуу буцаан авна гэсэн үг. Энэ бол төр хувийн хэвшил хамтдаа амжилттай хийж хэрэгжүүлсэн олон ажлын ганцхан жишээ. Ийнхүү төр хувийн хэвшлийн хоршил боловсролын салбарт үр өгөөжөө өгч эхэллээ.

“Муу л юм болвол хойд гэрийн хар овоохой” гэдэг шиг концесс гэхээр хадны мангаа мэтээр иргэдэд буруу, ташаа ойлголт төрүүлэх нь хэнд ашигтай вэ. Концессоор хийхгүй бол томоохон бүтээн байгуулалт явахгүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Зөвхөн цөөн хэдэн улстөрчид улс төрийн ашиг сонирхлын үүднээс концессыг төрийн хулгай мэтээр зарлаж, шоудаж байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Хүн болгон учрыг нь ухаж ойлгоогүй байж концессыг үзэн яддаг болчихвол боловсрол, зам тээвэр, дэд бүтэц, эрүүл мэндийн бүтээн байгуулалтыг хэн хийх болж байна.

Өөрсдөө шийдэх гэхээр санхүүжилт байхгүй, өрөөлөөр хийлгэх гэхээр улстөрчид нь “попдоод” байвал ажил таг зогсохын шинж биз. Чаддаг нь ажлаа хийг л дээ. Наанадаж, төв цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй, дөрвөн уулынхаа дунд утаанд униартан аж төрж байж улс төрчдийн “концесс бол муу муухай юм” гэсэн үлгэрт итгэн үмхий үнэртэй хотдоо аж төрсөөр суух уу.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ