Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяна гэв

Өнөөдөр Ялалтын талбайд эмч нар жагсаал хийж байна. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ. Тодруулбал, эмч нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн салбарын 20 мянга гаруй ажилтны гарын үсгийн хамт хүргүүлж байгаагаа тухайн үед мэдэгдсэн юм.

Гэвч өдийг хүртэл тэдэнд холбогдох яамнаас хариу өгөөгүй тул ийн жагсаж байгаа юм. Жагсаалд оролцож буй эмч нар хэлэхдээ “МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багш, эмч нарын цалинг нэмнэ гэж амлаж гарч ирсэн. Гэтэл 2018 оны төсвийн өргөн барихдаа цалин нэмэх ямар ч мөнгө суулгаагүй. Ард түмнийг, багш, эмч нарыг үл тоож байна” гэв.

Улмаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлж эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50 иас доошгүй хувиар нэмж 2018 оны төсөвт нэмж тусгахыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 23 нд ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ