Ахмадууд хуулийн мэдлэгээ дээшлүүлэв

Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Харин манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 дахь жилтэйгээ золгоод байна.

1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд ахмадуудад учирч буй хүндрэл бэрхшээл болон тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ахмадуудаа хүндэтгэе” өдөрлөгийг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргийн Ахмадын хороотой хамтран Бишрэлт зочид буудалд зохион байгуулсан байна. Дүүргийн ахмад настнуудад “ Ахмад настны тухай хууль”-ийн талаарх мэдлэг олгох, тэдэнд төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж үйлчилгээний талаар цогц мэдээлэл өгөх, ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулахад зорилготой аж.

Өдөрлөгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцож дүүргийн ахмадуудад зориулан авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилго, зорилтын талаар танилцууллаа. Уг арга хэмжээнд дүүргийн 19 хорооны 200 орчим ахмад оролцсон бөгөөд өнгөрөгч долдугаар сарын 1-нээс хойш мөрдөгдөж эхэлсэн Ахмад настны хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Өдөрлөгийн төгсгөлд ахмадууд дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг сонирхуулжээ.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 14000 гаруй ахмад настан амьдардагаас 350 гаруй хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан оршин суудаг. Эдгээр иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2018 оноос ахмадын сан байгуулж төрийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргахаар төлөвлөгөө гаргасан ажиллаж байгаагаа дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул онцлон дурдаж байлаа. Түүнчлэн хуулийн мэдлэг мэдээлэл хомс байдгаас ахмадуудад зориулсан төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байсан талаар өдөрлөгт хүрэлцэн ирсэн ахмадууд онцлон хэлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ