“Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт үзэсгэлэн нээгдлээ


Монголын Үндэсний музейд “Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Монгол Улсын ГХЯ, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран улсын Занжан Их сургуулийн Ил Хаад судлалын төв хамтран ажиллаж уг үзэсгэлэнг дэлгэжээ.
Үзэсгэлэнг нээж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Дотоод Азийн зүүн болон баруун хязгаарт бие биенээсээ олон мянган бээрийн алсад оршигч Монгол, Иран улс түүхийн эрт үеэс холбоо харилцаатай байсан.
Нүүдлийн болон суурин соёл иргэншлийн ололт амжилтаа харилцан солилцож, XIII-XIV зууны үед соёл, урлаг, уран барилга, шашин, шинжлэх ухааны талаар тухайн цаг үедээ үлэмж амжилтад хүрсэн Ил хаадын улсыг үүсгэн байгуулж, ертөнц дахины хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн баялаг түүхтэй билээ.
Энэхүү уламжлалт харилцааг 1973 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоон сэргээж, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчилсны үр дүнд хоёр улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран ажиллах боломж нээгдсэн юм” гэв.Тус үзэсгэлэнд Ил хаадын өвтэй холбоотой Монголын түүхч судлаачдын зарим бүтээл, Монгол, Ираны түүхийн судалгааны хамтарсан төслийн явц, үр дүнгийн талаарх гэрэл зургуудыг дэлгэсэн байна.
Үзэсгэлэн энэ сарын 09-нийг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ