Э.Болорчулуун: Газрын үнэ өндөр учраас иргэд оролцсонгүй


Газрын дуудлага худалдаа эхэлсэн ч иргэд оролцсонгүй. Энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2017 он гарсаар хоёр дахь удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан ч газрын үнэ өндөр учраас иргэд оролцсонгүй. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах байсан.
Өмнөх дуудлага худалдаа 2017 оны 7 дугаар сарын 23 өдөр болж, Хан-Уул, Баянгол дүүрэгт 2 байршлыг 765,6 сая төгрөгөөр худалдсан. Дуудлага худалдаанд оролцогчдын тоо Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарч дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос хойш сүүлийн 2 жилийн хугацаанд эрс буураад байна.
Өөрөөр хэлбэл, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1 m2 газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсныг Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаалаар 1м2 газрыг бүсчлэлээсээ хамаарч 220,000 төгрөгөөр үнэлж эхэлснээс хойш дуудлага худалдаанд оролцогчдын тоо буурч зарим дуудлага худалдаанд оролцогч ирэхгүй болсон.
Жишээ нь: Нийслэлийн Газрын үнэлгээний 3 дугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 1000 m2 газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлъё. ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1000 м.кв =11.000.000 төгрөг болгож тогтоосон. Харин БХБЯСайдын 2015.12.07 өдрийн 234 тоот тушаалаар 1000 м.кв =88.000.000 төгрөг болгосон байна.Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байна.
Нийслэлийн газрын албаны зүгээс нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд болон НИТХ-ын тэргүүлэгчдэд газрын үнийг бууруулах талаар танилцуулсан. Ингээд үнийг бууруулахгүй бол болохгүй байна гэдэг санал дүгнэлтийг гаргаад ЗТБХБ-ын сайдад хүргүүлсэн. Тэндээс бид нарын саналыг харгалзаж үзээд шийдвэр гаргана.
Газрын анхны үнээ бууруулах үндэслэлээ нарийн тооцож үзсэн. Газрын анхны үнийг 2010 онд тогтоож байсан үнэ болох 33,000 мянган төгрөгөөр тогтоох хүсэлтээ өгөөд байна.
Нийслэлийн төсөвт газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос 45 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Үүнээс бид гэрээт болон аж ахуйн нэгж байгууллагуудынхаа төлөвлөгөөнөөс 30.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. 3-р улирлын байдлаар үүнийг давуулан биелүүлсэн. Дуудлага худалдааны хувьд 14.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Одоогийн байдлаар 785 сая төгрөг дөнгөж орж ирлээ. Төсөвт 13 сая найман зуун мянган төгрөг тасрахад хүрээд байна" гэлээ.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2003 оноос өнөөдрийг хүртэл нийт 38 удаа зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ