Шинэ Ерөнхий сайдаас "шинэчлэл" хүлээсэн долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилов

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд томилогдсон учир Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлж, мөн У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Итгэл үзүүлэн томилсон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийн зүтгэлээр хариулж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, буруутанд хариуцлага тооцож чаддаг, шударга үнэнийг тогтоосон Ерөнхий сайд болно. Би авлигачтай тэмцдэг, ард түмнээ өмгөөлдөг Ерөнхий сайд болно" гэлээ.

Ж.Мөнхбат, Ө.Энхтүвшин нар мэдээлэл хийв

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхэд оролцоогүй МАН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат нар оролцов.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: МАН ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Засгийн газрыг унагахдаа 30 орчим хүн Ардчилсан намын дэмжлэгийг аваад огцруулсан. Гэтэл өнөөдөр зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. “Би амь насаа алдахаас айхгүй байна” гэж. Монгол Улсын Ерөнхий сайдыг хэн хорлох гээд байгаа юм. Ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэх асуудал байгаа. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал. Ардын намд талцал байна. Эв нэгдлийг хангах тал дээр Ерөнхий сайд ажиллах ёстой. Засгийн газарт хэн, хэн орох вэ гэдэг бол бүр дараа, дараачийн асуудал" гэв.

Төсвийн тодотголыг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны төсвийн тодотголын танилцуулгыг хийлээ. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн “Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон. Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар төсөвт зохицуулалт хийлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа” гэлээ.

Ийнхүү Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүллээ.

Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэв

Ялалтын талбайд аравдугаар сарын 4-нд эмч нар жагсаал хийсэн. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ. Жагсаалд оролцож буй эмч нар хэлэхдээ “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлж эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50 иас доошгүй хувиар нэмж 2018 оны төсөвт нэмж тусгахыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 23 нд ажил хаяна” гэдгээ мэдэгдлээ.

МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнав

МУИС-ийн 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” баярын хурал Төрийн ордны Их танхимд болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар /2017.10.06/ 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнасныг хурлын үеэр гардууллаа.

ДЭЛХИЙ ДАХИНД

Лас-Вегас хотод аймшигт алллага гарав

Өнгөрсөн ням гарагийн орой Лас-Вегас хотын оршин суугч 64 настай Стивен Пэддок гэгч “Mandalay Bay“зочид буудлын 32 дугаар давхарт байхдаа хөгжмийн наадамд оролцогчид руу автомат буугаар гал нээж, дараа нь амиа хорложээ. Уг хэргийн улмаас 59 хүн амь үрэгдэж, 527 хүн шархадсан байна.

Ким Чен Уны ахын биеэс хордлогын шинж илэрчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны алагдсан ах Ким Чен Нам хордсоныг харуулсан шинэ тэмдгийг эмгэг судлаачид түүний биеэс илрүүлсэн тухай “Malaysian Insigh” сонинд бичжээ.

Булчингийн үйл ажиллагааг хянадаг фермент болох холинэстеразын хэмжээ Ким Чен Намын биед маш бага хэмжээтэй байсан аж. Эрүүл хүнд энэ үзүүлэлт 5320-иос 12290 нэгж байдаг бол, Ким Чен Намынх 344 байжээ. Энэхүү фермент дутагдсанаар эрхтнүүдийн үйл ажиллагаа зогсоход хүрч болдогийг сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ