“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг энэ 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал бий. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг.

Хөшөө дурсгал гэдэг томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг.

Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөсний дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь 27.4 сая төгрөг болсон” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр мэдээллээ.

Уран барималч н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотын хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан” хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ