Эмнэлгийн хүрэлцээ муугаас эх хүүхдүүд "зовж" байна

Жил бүрийн өдийд эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлж буй дүр зураг харагддаг. Энэ жил ч гэсэн хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлээд эхэлжээ.

Нийслэлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэгт хамрагдаж байгаа иргэдийн дийлэнх хувь нь томуу, томуу төст өвчтэйгэж оношлогджээ.Энэ жилийн хувьд вирусийн гаралтай хурдан хүндэрч, хатгаа болдог ханиад гадуур тархаад байгаа. Ийнхүү хүүхдүүдийн ханиад хүндэрсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог. Тиймээснэг өрөөнд олуулаа бөөгнөрөх, өрөөнд багтаагүй нь эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлдэг аж.

БЗД-ийн хүүхдийн тасгийн эмч Ч.Амарзаяа “Ихэвчлэн цэцэрлэгийн хүүхдүүд ханиад хүрч, эмнэлэгт хэвтэх юм. Орны хүрэлцээ муу. Ачаалалтай ажиллаж байна. Өвдөөд түргэн тусламжаар ирж байгаа хүүхдүүдийг оргүй гээд эмчилгээ хийхгүй гэх эрх бидэнд байхгүй. Заримдаа коридорын хана дагуулаад эгнэсэн олон ор засдаг” гэв.

Хүүхэд томчуудыг бодвол маш амархан өвчилдөг. Дархлаа сул, амьдарч буй орчин зэргээс үүдэж хамрын шуухинаа, хатгаа, суулгах өвчнөөр өвчлөх нь түгээмэл. Сүүлийн жилүүдэд эдгээрээс гадна төрөл бүрийн харшлын өвчин эрчимтэй нэмэгдэж байгааг салбарын эмч нар хэлж буй. Энэ бүх өвчинтэй тулгарах бүрийд эцэг эхчүүд хүүхдээ эмч рүү аваад л гүйдэг. Хоёрдугаар шатны эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг чухалчилдгаас үүдэж, Эх нялхас, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрдэг.

Нөгөө талд энэхүү байдлыг овжин ашиглаж бизнес хийж байгаа газрууд бол хүүхдийн хувийн эмнэлэг. Хуучин цагт байшин болгоны буланд баар, цэнгээний газар байсан бол одоо булан болгонд хүүхдийн эмнэлэг байгуулагдаж байна. Нэг сандал, зүү тариур, чагнуур, хүүхдийн өвчлөлийн тухай хэдэн зурагт хуудас өлгөөд л түүнийгээ хувийн эмнэлэг гээд нэрлэчихнэ.

Чадвартай, чадваргүйг нь хэн ч мэдэхгүй. Улсын эмнэлгийн оочер, дарааллаас залхсан ээж, аавууд хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлэхээс өөр сонголтгүй болдог. Хүүхдийн чинь гэдэс хямарчихаж, ус сайн уулга гэсэн хоёрхон өгүүлбэр хэлүүлэхийн тулд 20 мянган төгрөг үзлэгт төлөх нь энүүхэнд. Хамрын шуухинаа хүрсэн төдийд л хэдэн арван антибиотикоор бөмбөгдүүлнэ. Эмч бичиж өгсөн учраас уулгах ёстой гэсэн мухар сохор итгэлээс үүдэж антибиотикийн хордлогоор өвчлөх хүүхдийн тоо ч нэмэгдэж байгаа аж.

Улсын эмнэлэгт өдөржин оочерлож, цаг дууссан хэмээн үзүүлж чадаагүй эмч маань хувийн эмнэлэгтээ 20 мянгаар оочергүй үзэж өгнө хэмээн даапаалж суух жишээтэй. Бодит байдал ийм л байна.

Угтаа үүнийг шийдэж болохуйц түмэн гарц байгаа. Гурван сая иргэндээ 30 эмнэлэг байгуулаад өгчих. Эмнэлэг хүрэлцээтэй үед иргэд ингэтлээ “туйлдахгүй”. Тэгвэл хүүхдүүд уйлахгүй, хүмүүс тэвдэхгүй шүү дээ.

Улсын маань хөгжлийн гол хүч нь бидний үр хүүхэд. Хүүхдийн өвчлөл их байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ