Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихийг уриалав


Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооноос өнөөдөр Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч болон бусад холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооны тэргүүн Б.Өлзийбат "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль Монгол Улсын Их Хурлаар 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжээд жил 10 сарыг үдэж байна. Энэ хуулийн зорилго бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 70,000 гаруй хүүхдийг харж, хандах хууль юм.
Өнгөрсөн жил 5.8 тэрбумыг УИХ-д төсөвлөж 6,000 хүүхэд хамруулах ёстой гэдгийг баталсан. Гэтэл өнөөдөр 5,275 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдаж, тогтмол 1,025 ажлын байр бий болж, өнөөдөр 10,000 гаруй эцэг эх ажил хийх боломжтой болж байгаа юм.
Энэ хуулийн талаар бид Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ХНХ сайд С.Чинзориг, БСШУС сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо,УИХ-ын өргөдлийн байнгын хороодод шаардлага хүргүүлж байгаа юм” гэв.
Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооны ажлын хэсгийн ахлагч Б.Мягмардорж "Өнөөдөр Монгол Улсын хүний эрхийн хуулинд "хүн амьд явах, боловсрол эзэмших" эрхтэй гэж заасан байдаг. Гэвч одоогийн сайд, дарга нар эхний эрхийг халаад, хоёр дахийг нь илүүд үзээд байна.
Учир нь 73,524 хүүхэд өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна. Үүнээс болж сард 15-17 хүүхэд ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа. Түлэнхийн төвд гэхэд л очиж байгаа хүүхдүүд нь ихэвчлэн гэртээ харах хүнгүй, эсвэл насанд хүрээгүй хүүхдээр харуулснаас болсон байдаг. Үүнийг шийдэх гарц нь бидэнд байна. Жишээлбэл, бид жилийн хугацаанд 5.8 тэрбум төгрөгөөр 6,343 хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн.
Төр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.
Өмнөх Засгийн газрууд байнга хаана хавчина, эрхийг чинь хасна гэдэг байсан. Тиймээс одоогийн төр засаг бидэнтэй хамтарч ажиллаж Монголын ирээдүй болсон эдгээр 70,000 гаруй хүүхдийг аврахыг хүсэж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ