“Ижил хоёр ботго” дуулалт бүжгэн жүжиг тоглогдоно


Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын хамт олон “Ижил хоёр ботго” дуулалт бүжгэн жүжгээ үзэгчдэд өргөн барих гэж байна. Энэхүү бүтээл нь хүүхэд багачуудад монгол өв уламжлалаа таниулах, ёс заншлаа дээдлэх, байгаль дэлхий ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг төлөвшүүлэх ач холбогдолтойг уран бүтээлчид онцлов.
Тус жүжигт Үндэсний урлагийн их театрын нийт 120 гаруй уран бүтээлч оролцох юм байна. Дуулалт жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Г.Батаа бичсэн бол хөгжмийн зохиолч М.Бирваа, ерөнхий найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээч О.Ууганбаяр, Х.Хашхүү, хувцасны зураач Д.Амаржаргал, тайзны зураач Ч.Батболд, хормейстр Б.Бямбачулуун, удирдаач Б.Ганбат, туслах найруулагч Х.Отгончимэг, Х.Хашхүү нар ажиллажээ.
Өнчин цагаан ботгоны дүрийг М.Болорчимэг, найз ботгод П. Мөнхцацрал, Ээж ингэдЖ.Мандухай, Ботгочин охин М.Мишээл, Лусын хаан Д.Эрхбилгүүн нар дүр бүтээх юм байна. Өнчин цагаан ботгыг өөр ботготой ингэнд авахуулж, ихэр ботго баярлан бүжиглэж дуулснаар жүжиг эхлэх бөгөөд уулын орой харан уйтгарлан гуниглахыг харсан ижил ботго ингэ ижийгээ баярлуулахаар аян замд гарч буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.
Сурагчдын амралтад зориулан хүүхдийн шинэ уран бүтээлийг ирэх сарын 5, 6, 7, 8, 9-нд тоглох ажээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр нь таван хошуу төл малаар хүүхдэд зориулсан цуврал уран бүтээлүүд туурвисан бөгөөд “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг 2010 онд, “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг 2013 онд тайзнаа тавьж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ