Найман настай охин олдоогүй дөрөв хонож байна

Найман настай охин сураггүй болоод дөрөв хонож байна.Охиныг хамгийн сүүлд 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт 12.00 цагийн орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алхаж байсныг хөршүүд нь харжээ. Түүнээс хойш одоог хүртэл сураг, чимээ гараагүй учир Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс онц байдал зарлаж, ар гэрийнхэнтэй нь эрэн хайж байна. Эрлийг чухам хаагуур, хэрхэн хийж буйг сураггүй болсон охины ээж Б.Хоролмаатай утсаар холбогдож тодрууллаа.

Охины ээжийн хэлснээр, эрлийн ажиллагааг Замын-Үүд дэх сэжиг бүхий газар буюу хятад, архичид ихээр цуглардаг бүх газрыг нэгжжээ. Мөн хилийн боомтоор дамжин өнгөрөх машин бүрийг шалгаж, сумын төвтэй ойр байх малчдынхаар хайж эхэлсэн байна.

Алга болсон охины нэрийг Д.Сэржмядаг гэдэг. Гуравдугаар ангийн сурагч. Хичээл нь өдөр ордог.Сураггүй болсон өдөр нь буюу дөрөв хоногийн өмнө аав, ээж нь ажлаар Сайншанд руу явсан байжээ. Тухайн өдөр охин хамгийн сүүлд 11.22 цагт ээж рүүгээ залгасан байна. Тэр үед нь ээжийнх нь утасны цэнэг дуусч, охиныхоо дуудлагыг авч чадаагүй аж. Удалгүй нөхрийнхөө утаснаас охин руугаа эргээд залгатал утас нь холбогдохоо больжээ. Энэ үед охины ээж, аав охиноо алга болно гэж төсөөлөөгүй, өмнөх шигээ л утас нь цэнэггүй унтарч дээ гэж бодсон байна. Ингээд орой 16.40 цагт охины ээж аав Замын-Үүд рүү орж ирсэн байна. Утасны сүлжээ оронгуут том охинтойгоо утсаар холбогдож, дүү Д.Сэржмядагааавахыг сануултал том охин нь өөдөөс нь уйлж, дүүгээ алга болсныг хэлжээ.Ингээд охины ээж, аав шууд охины сургууль дээр очиж, ангийн багштай нь уулзтал тухайн өдөр хичээлдээ ирээгүйг хэлсэн байна. Охиноо алга болсныг мэдсэн аав, ээж нь 17.00 цагт сумынхаа цагдаад мэдэгдэж эрлийг эхлүүлжээ.

Д.Сэржмядаг нь алга болох үедээ ягаан өнгийн куртик, бор түрийтэй гутал, сурагчийн дүрэмт хувцас, ягаан цүнхтэйгээ явж байжээ. Уг нь аав нь охиноо өдөр болгон хичээлд нь хүргэж, өгч зөөдөг байсан гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ