Б.Хоролмаа: Охиныг минь хил гаргасан байж магадгүй


Хичээлдээ явахаар гарсан найман настай охин сураггүй болоод тав хонож байна. Охиныг хамгийн сүүлд 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт 12.00 цагийн орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алхаж байсныг хөршүүд нь харжээ. Түүнээс хойш одоог хүртэл сураг, чимээ гараагүй учир Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс онц байдал зарлаж, ар гэрийнхэнтэй нь эрэн хайж байгаа аж. Охины ээж Б.Хоролмаагийн хэлснээр, эрлийн ажиллагааг Замын-Үүд дэх сэжиг бүхий газар буюу хятад, архичид ихээр цуглардаг бүх газрыг нэгжжээ. Мөн хилийн боомтоор дамжин өнгөрөх машин бүрийг шалгаж, сумын төвтэй ойр байх малчдынхаар хайсан боловч олдоогүй байна.
Хаана, байж болох бүх газраар охиноо хайвч олдохгүй байгаад тэд эмтэрч дуусч байна. Арга барагдахдаа эцсийн сонголтоо болгож Монголын ард түмэн, Монгол төрдөө хандаж буйгаа өчигдөр хэвлэлээр дамжуулан илэрхийлэв. Ээж нь орь дуу тавин уйлж "миний охиныг хил гаргасан байж магадгүй, амьд мэнд байгаасай" гэсэн бол аав нь "миний үр аав ээжээсээ холдох ёсгүй, хайртай үрээ ирнэ гэж найдан хоёр гутлыг нь сугандаа хавчуулан залбирч сууна" гэлээ. Үрээ гэх эцэг, эхийн зовлон шаналалыг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Алга болсон охины нэрийг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд гуравдугаар ангийн сурагч юм. Хичээл нь өдөр ордог. Сураггүй болсон өдөр нь буюу тав хоногийн өмнө аав, ээж нь ажлаар Сайншанд руу явсан байжээ. Тухайн өдөр охин хамгийн сүүлд 11.22 цагт ээж рүүгээ залгасан байна. Тэр үед нь ээжийнх нь утасны цэнэг дуусч, охиныхоо дуудлагыг авч чадаагүй аж. Удалгүй нөхрийнхөө утаснаас охин руугаа эргээд залгатал утас нь холбогдохоо больжээ. Энэ үед охины ээж, аав охиноо алга болно гэж төсөөлөөгүй, өмнөх шигээ л утас нь цэнэггүй унтарч дээ гэж бодсон байна. Ингээд орой 16.40 цагт охины ээж аав Замын-Үүд рүү орж ирсэн байна. Утасны сүлжээ ормогц том охинтойгоо утсаар холбогдож, дүү Д.Сэржмядагаа авахыг сануултал том охин нь өөдөөс нь уйлж, дүүгээ алга болсныг хэлжээ. Ингээд охины ээж, аав шууд охины сургууль дээр очиж, ангийн багштай нь уулзтал тухайн өдөр хичээлдээ ирээгүйг хэлсэн байна. Охиноо алга болсныг мэдсэн аав, ээж нь 17.00 цагт сумынхаа цагдаад мэдэгдэж эрлийг эхлүүлжээ.
Д.Сэржмядаг нь алга болох үедээ ягаан өнгийн куртик, бор түрийтэй гутал, сурагчийн дүрэмт хувцас, ягаан цүнхтэйгээ явж байжээ. Уг нь аав нь охиноо өдөр болгон хичээлд нь хүргэж, өгч зөөдөг байсан аж.
Цагдаагийн байгууллагын хэлж буйгаар “Улаанбаатарт хоногт ойролцоогоор 10 орчим хүүхэд ийм байдлаар эрэн сурвалжлагдах тохиолдол байдаг ч хэсэг хугацааны дараа бүгд олдсон байдаг. Зарим хүүхдүүд эцэг эхийгээ эрж хайж байгааг мэдэхгүй найз нөхдийндөө хоноод маргааш нь гэртээ очих үе ч бий” гэв. Д.Сэржмядаг охины хувьд найз нөхдийндөө очсон байлаа гэхэд ирэхээр бол ирэхээр хугацаа болсон. Гэтэл сураггүй алга болоод тав хоночихлоо. Бурхан минь хүүхдийн заяа түшиж, ижий аавынх нь залбирлыг сонсоосой. Бяцхан үр хурдан эсэн мэнд олдоосой.
Нийгэм хатуу, цаг цөвүүн болсон энэ цагт эцэг эхчүүд ч үр хүүхдэдээ тавих хараа хяналт, халамж энхрийллээ өндөр байлгахыг хүсч байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ