Маникюр, педикюрээр элэгний вирус "халдварладаг"


Монголд тодорхойлж байгаагаар А, Е вирус нь бохирын буюу ахуйн замаар халдварладаг “шар” өвчин юм. Харин B,C,D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар дамжсан халдвар, мөн бэлгийн замаар халдварладаг. Гараа эсгэх, ил шарх, батга шахах тохиолдолд ч вирус халдварлах боломжтой. Хаанаас л цус гарч байна түүгээр халдана гэж ойлгох хэрэгтэй. Маникюрын мах авдаг багаж, шүдний чигчлүүр, үсний сам, сахлын татуурга гээд хаагуур арьс гэмтэж цус гарч байна түүгээр халдах эрсдэлтэй. Дээх нь үед “тариурын шар”-аар их халдварладаг байсан. 1960,1970-аад оны үед шилэн тариураа айлаас айлд дамжуулан хэрэглэснээр халдвар маш ихтархсан гэж үздэг.
Харин одоо нэг удаагийн зүү, тариур хэрэглэх болсноор 10 гаруй жил өнгөрлөө. Гэтэл байдал дээрдсэн зүйлгүй улам л гаарсаар. Гурван сая гаруй хүн амтай улсад 400 мянган хүн нь элэгний "вирус"-тэй байгаа нь аймшигтай тоо юм. Орчин үед шивээс, гоо сайхны мэс засал, маникюр, педикюр зэрэг гоо сайхны үйлчилгээний багажаар дамжин халдварлах эрсдэл их байна. Нийслэл хотод гар хөл, хуруу хумс гоёдог үйлчилгээ борооны дараах мөөг шиг л дэлгэрсэн. Үйлчлүүлэгч ихтэй, үнэ нь ч бага биш.
Томоохон үйлчилгээний төвийн задгай танхимын нэг буланд ширээ, сандлаа зэхэн тухалсан энэ үйлчилгээний багаж хэрэгсэл ариутгалтай эсэхийг хэн ч асууж шалгаадаггүй. Үр дүнд нь вирусын халдвар авсан байх эрсдэл өндөр. Тэдэнд хариуцлага тооцох хэн ч байдаггүй. Вирусийн халдвар тээж яваагаа эрт мэдвэл эмчилгээ хийлгэж ирээдүйд учирч болох аюулаас сэргийлнэ. Орчин үед эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүн өвчнөөр үхэх учиргүй юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэхэд л цаг гарга.
Элэгний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон хойно B, С вирусийн халдвар тээж байсан, халдвар нь амь авах хавдар болон урхагшсаныг мэдэх хамгийн гашуун. Нэгэнт оройтсон хойно амьдрахын төлөө зүтгэж, анагаах ухаанд шүтээд нэмэргүй билээ. Тиймд хүн бүр өөртөө анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд даруй хамрагдахыг уриалж байна.
Мөн өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэлт бол ариутгал муутай багаж хэрэгслээр гоо сайхны зорилготой тарилга, шивээс, маникюр педикюрын үйлчилгээ авах болон замбараагүй бэлгийн хавьтлаас татгалзаж явах.
Хугацаат цэргийн алба хаасан залуучууд халагдахынхаа өмнөх өдөр бүгд нэг зүүгээр дамжуулаад адилхан шивээс хийлгээд вирусын халдвар авсан тохиолдол байдаг. Иймээс элгээ эрүүл байлгах, вирусын халдвараас өөрийгөө хамгаалахын тулд шаардлагагүй үед өөрийгөө халдварын эрсдэлд оруулахаас зайлсхийж явах хэрэгтэй юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ