Хүүхдийн төв сувилалд гар, хөл, амны халдварт өвчин гарчээ


Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилалд гар, хөл, амны халдварт өвчин гарчээ. Одоогоор тус сувиллын дөрвөн хүүхдийг тусгаарлан эмчилж буй бөгөөд вирусын гаралтай өвчин бусад хүүхдэд халдварлахаас сэргийлж, өчигдрөөс зарим хүүхдүүдийг гэрт рүү нь буцаасан байна. Үүнээс гадна нэг сургууль, цэцэрлэгт гар, хөл, амны халдварт өвчин гарсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Гар, хөл, амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусээр үүсгэддэг өвчин. Амьтнаас хүнд халдахгүй. Өвчтэй хүнээс халдвар тардаг.
Өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ.
Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас. Ихэвчлэн 10-аас доош насныхан өвчилдөг. Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай өвчилнө. Учир нь насанд хүрэгсэд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг.
ШИНЖ ТЭМДЭГ
- Ихэнхдээ хавар, намрын улиралд өвчний дэгдэлт ихэсдэг. 6, 7 сард өвчний ид оргил үе дээд хэмжээнд хүрдэг.
- Халуурах, Биеийн халуун их өндөр биш 101-102хэм /37,5-39,5/ хүрнэ.
- Толгой өвдөх
- Хоолонд дургүй болох.
- Маш жижиг цэврүүт бижрүүт тууралт хөл, гар, цавины орчмоор гарах ба дарахад өвчтэй байна. Хөлийн тавхай, гарын алгаар тууралт илүү ихээр байрлах бөгөөд хурууны салааг мөн өвчлүүлнэ
- Хоолой өвдөх
- Гүйлсэн булчирхай, ам, хэлэн дээр тууралт гарч шархлуулан юм идэхэд төвөгтэй болно.
Жирэмсэн эх энэ халдвараар өвчилж болно. Жирэмсний явцад нөлөөлсөн тохиолдол зулбалт, ургийн эмгэг үүсгэсэн тухай хэвлэлд бага мэдээлэгдсэн байна. Хурц идэвхитэй хэлбэрээр өвчилсөн жирэмсэн эхийн хэвлийд буй хүүхэд халдвар авах магадлал маш өндөр. Нярай халдвар авсан тохиолдолд ихэнхидээ хөнгөн хэлбэрээр өвчлөх боловч ховор тохиолдолд амин чухал эрхтэн элэг, зүрх, тархийг гэмтээн амь насанд аюул учруулж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ