“Салаавч” Ц.Баярцогтыг маргааш шүүнэ

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг маргааш буюу энэ сарын 9-ний өдөр шүүнэ. Энэ удаад түүнийг гудамж талбайд танхайрсан үйлдлээр нь биш тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүх юм. Ц.Баярцогтын сэрдэгдсэн энэхүү хэргийг өмнө ньСэлэнгэ аймгийн шүүх хоёрудаа шүүсэн ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон билээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд түүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон ч Ц.Баярцогтын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Харин хоёр дахь удаагаа буюу аравдугаар сарын 18-ны өдөр тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан. Өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хурлыг 22 хоногоор буюу маргааш болтол хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Түүнчлэн хоёр дахь шүүх хурлаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих байранд саатуулагдаж байсан Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ