Багш нар 300 мянган төгрөгөөр "амаа хамхиулахгүй"

Улсын хэмжээнд өнөөдрөөс багш нар хугацаагүй ажил хаялт зохион байгуулж эхэллээ.

Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хийсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 2019 он хүртэл цалин хөлсийг нэмэхгүй байхаар тохирсон. Тиймээс тэдний зүгээс Засгийн газрыг ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, цалин нэмэх тохиролцоонд хүрэх, улмаар боловсрол, шинжлэх ухааны салбарын багш ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт МБШУҮЭХ-ны дарга Д.Батзоригийн мэдээлснээр “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо мэдээлэл хийхдээ багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огт биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэсэн билээ.

Харин нөгөө талд “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Багш нарын нэмэгдэл 516 мянган төгрөгийг зөвшөөрч гарын үсэг зураагүй. Энэ санал боломжийн юм байна гэж байр сууриа илэрхийлсэн. Үүнийг манай дэд зохицуулагч н.Бат-Эрдэнэ буруугаар ойлгож фэйсбүүкт пост оруулж, нийгмийн сэтгэл зүйг жаахан төөрөлдүүлсэн” гэв. Мөн тэд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 300 мяган төгрөгөнд бид амаа хамхиулахгүйгэж мэдэгдэж байв.

Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгджээ. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдсэн байна.

Угтаа багш нарын цалинг шууд 1.6 сая болгож чадахгүй ч арга бол бий. Тухайлбал, төр өндөр төлбөртэй гадны хөрөнгө оруулалттай хувийн сургуулиудад олгодог татаасаа улсын сургууль цэцэрлэгүүддээ хуваарилах хэрэгтэй.

Мөн хичээл сурлагадаа онц сайн, үеийн хүүхдүүдээсээ сэтгэн бодох чадвараар илүү тэр хүүхдүүдийг сургуулиа төгсөхдөө багш гэдэг мэргэжил сонгодог болгохын төлөө л багш нарын цалинг нэмэх нь зүйтэй юм.Өндөр мэдлэг боловсролтой, хүчирхэг оюун ухаантай багш нарын арми бий болоогүй цагт үргэлж аз бурзай хэмээн түрийвчээ далласаар мөхөх хувь тавилан бидний хүлээж байна. Тиймээс үүнийг бодлогоор шинэчилж, анхаарах цаг хэдийнэ болсон байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ