“Чингисийн зурагтай архийг үйлдвэрлэхгүй байя" гэв

“Хамаг Монгол” МСҮТ-ийн оюутнууд MCS-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан зэрэг Монголын томоохон компанийн захирлуудад шаардлага хүргүүлэхээр болжээ. Учир нь Үндэсний бахархлын өдөр болох гэж байгаатай холбогдуулан “Хамаг Монгол” МСҮТ-ийн сургагчид Чингис хааны зурагтай архийг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Улс төр менежментийн академ”-ийн захирал Д.Уламбаяр: “Чингисийн зурагтай архийг үйлдвэрлэхгүй байя. Худалдаж авахгүй байя гэсэн уриалга гаргаж, танин мэдүүлэх үйл ажиллагааг хийгээд жил болж байна. Одоо ард иргэд хангалттай ойлгодог болсон. Тиймээс одоо үйлдвэрлэж буй хүмүүс рүү хандахаар шийдээд байгаа. Өнөөдөр Монголын томоохон дөрвөн үндэсний үйлдвэрлэгч Чингис хааны зурагтай архийг гаргаж байна. Дөнгөж хэлд орж байгаа нэг хоёр настай хүүхдүүд Чингис хааны зургийг хараад “архин дээр байдаг баба” гэж байгаа юм. Одоо ингэж байгаа хүүхдүүд 10, 20 жилийн дараа Чингис гэж юу вэ гэвэл “архи” гэнэ. Өнгөрсөн мянганы суут хүний нэгээр Чингис хаан нэрлэгдсэн байдаг.

Гэтэл бахархалт хүнийхээ хөргийг ингэх нь зөв бэ. Соёлтой улс орнуудыг хараарай. Хэн нэгэн бахархалт, түүхэн хүнийхээ зурагтай архийг гаргаагүй л байгаа. Хирист, Будда, Далай лам, Мухамедийн зурагтай эсвэл хаант засагтай орнуудын хааны зурагтай архи гэж би л хувьдаа сонсож байгаагүй.

Манай эрдэмтэд, зохиолчид Чингис хааны зурагтай архийг эсэргүүцэж, хууль хүртэл санаачилж байсан. Гэвч амжилттай болоогүй. Учир нь УИХ-ын гишүүдийн 50 хувь АПУ, MCS-ээс мөнгө авчихсан байгаа. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт бидэнтэй нэгдсэн залуус Чингисийн зурагтай архийг худалдаж авахгүй байх ухуулаг сурталчилгааг хийж байгаа. Манай сургууль 300-400 оюутантай. Энэ талаар сургалтыг хөдөөгөөр болон сошиал орчинд маш сайн хийж байгаа” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ