Умард Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг дэлгэлээ

Хойд ба Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсээр дамжин зугтсан умардын цэргийн бичлэгийг Өмнөд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлалаас ил болгожээ.

Долоон минут үргэлжлэх бичлэгт энэ сарын 13-ний өдөр “эвлэрэх тосгон”-ы харуулын хамгаалалтын хэсэгт чухам юу болсныг тодорхой үзүүлсэн байв.

Хойд Солонгосын харуулууд оргосон цэргийн араас хөөж явахдаа 1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хилийн шугам давсныг НҮБ-ын цэргийн командлалаас мэдэгджээ. Түүнчлэн Хойд Солонгосын цэрэг хилийн шугамд гал нээсэн нь дээрх хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл юм.

Өөр нэгэн дүрс бичлэгт умардын шархадсан цэргийг Өмнөд Солонгосын хилийн цэргийн гурван албан хаагч мөлхөж хүрч, авчирч буй хэсгийг үзүүлсэн байна.

НҮБ-ын цэргийн командлагч, генерал Винсент К.Брукс өмнөдийн цэргийнхний энэ үйлдлийг цагаа олсон ажиллагаа гэж сайшаажээ.

Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдлийн хариуд НҮБ-ын цэргийн командлалаас Хойд Солонгосын талд мэдэгдэл хүргүүлж, энэ асуудлаар уулзалт зохион байгуулахыг хүссэн талаар Йонхап агентлаг мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ