12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ

Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, инженер техникийн ажилчид энэ сарын 20-ны өдөр “UB METAN” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус компани Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станц байгуулаад байгаа аж. Тус станц нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий(LNG)-г 60 куб метрийн гурван саванд буулгаж хадгалах бөгөөд насосны станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж, CNG болгон автобус цэнэглэх юм байна.

Байгалийн хий нь шаталтын дулаан өндөртэй, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашиглаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ