"Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" хэлэлцүүлэг болж байна


Өнөөдөр “Blue Sky” зочид буудалд "Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" сүрьеэгийн эсрэг үндэсний хэлэлцүүлэг болж байна. Сүрьеэ өвчин нь дэлхий олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа билээ.
Энэхүү хэлэлцүүлгийг сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, стратеги, ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар сүрьеэгийн өвчлөл, нас баралтыг бууруулахад манай улс ихээхэн амжилтанд хүрч тандалт, оношлогоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр дэвшилд хүрчээ.
Манай улсад дэлхийн жишигт хүрсэн лабораторийн сүлжээ, үндэсний лавлах лаборатори, сорьц тээвэрлэх тогтолцоо бүрэн нэвтэрсэн, хурдавчилсан оношилгооны аргуудыг практикт хэрэглэж байгаа. Шууд хяналттай богино хугацааны эмчилгээг эрүүл мэндийн бүх шатанд баг, сум, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан нэвтрүүлсэн. Өнөөдөр эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчлэх чадавхитай болжээ.
Манай улсын хувьд 2002 оноос хойш Глобаль сангийн дэмжлэгийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 39 сая ам.долларын санхүүжилт авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ