"Энэ өвөл зуд болох эрсдэл өндөр байна" гэв


Энэ зун ихэнх нутгаар гандуу байсан учраас газрын гарц тааруу, малын бэлчээрийн даац хүрэлцээгүй муу, өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг өнөөдөр /2017.11.23/ болж буй “Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл” хэмээх чуулганы үеэр мэргэжилтнүүд санууллаа.
Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн зудын эрсдэлийн зургаас харахад 2015 онд нийт нутгийн 40 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй байж, сая гаруй толгой мал хорогджээ. Өнгөрсөн жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан учраас зудын эрсдэл бага 365 мянга орчим толгой мал хорогдсон байна.
Харин энэ жилийн зуншлага тааруу байсан учраас зуд болох эрсдэл өндөр гарсан. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 30 орчим хувьд эрсдэл өндөр, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.
Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг “Миний хувьд малын тоо, бэлчээрийн нөөц, даац, ган, зуншлагын мэдээг гаргадаг. Энэ зун манай орны нийт нутгаар нэлээд гандуу зуслаа. Зуны улирлын долдугаар сарын 31-нд гангийн дүр зургийг тодорхойлдог юм. Уг дүр зургаар ихэнх нутгаар гандуу байсан. Ингэснээр нийт нутгийн 70 хувьд өөрийнхөө малыг өөрөө онд авч орох боломжгүй гарсан. Ерөнхийдөө энэ өвлийн нөхцөл байдал хүндхэн байх төлөвтэй байна. Малчид бүх боломжоороо өвлийнхөө бэлтгэлийг хийж байна. Зарим бүс нутагт өвлийнхөө бэлтгэлийг хийе ч гэсэн зуншлага оройтсон учраас нэлээд хүндрэлтэй байгаа. Төвийн бүсийн аймгууд Дорнод, Сүхбаатар аймгаас, баруун аймгууд ОХУ-аас өвс, хадлангаа авах мэдээтэй байсан. Энэ зун гангын байдал ихэнх нутгийг хамарсан учраас энэ өвлийг давахад хүндрэлтэй байна" гэлээ.Тус хуралд оролцохоор орон нутгаас цөөнгүй малчид иржээ. Тэдний нэг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын малчин А.Мөнхбаяр “Манай нутагт энэ жил цас их орлоо. Манайх нийт 400 гаруй толгой малтай. Энэ зун газрын гарц тааруу байсан учраас малын тарга тэвээр муу байна. Малчдын хувьд газар газраас л өвсөө худалдан авч бэлтгэж байгаа. Нэг боодол өвсийг долоон мянган төгрөгөөр худалдан авдаг. Энэ өвөл цас их орвол малчдын байдал хүндрэх эрсдэл өндөртэй байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ