Энэ сарын хүүхдийн мөнгө өгч эхэллээ

УИХ-аас энэ оныг дуустал олгоход шаардагдах хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг 104.5 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Ингэснээр саяхан найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь шилжүүлсэн. Харин 11, 12 дугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ны өдрөөс хойш дансанд нь шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. Энэ дагуу хүүхэд бүрийн 20,000 төгрөгийг өчигдрөөс данс руу нь шилжүүлж эхэлжээ.

Засгийн газраас санал болгосны дагуу хүүхдийн мөнгийг 2018 оноос зорилтот бүлгийн 60 хувьд олгохоор шийдвэрлээд байгаа. УИХ-аас 2018 оны төсвийн хуулийг батлахдаа хүүхдийн мөнгөнд зориулж 164.2 тэрбум төгрөг тусгасан.

Онцлоход, шинэ төрсөн хүүхдийн мөнгийг авахын тулд эхлээд харьяа дүүргийнхээ хороонд очиж, бүртгүүлэн, өргөдөл гаргана. Дараа нь арилжааны банкинд очиж өргөдлийн маягт бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгө авах боломжтой аж. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч 20 мянган төгрөг шилжиж ирээгүй байгаа бол өргөдөл өгсөн сараар нь тооцон, энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ