Хурц, Сүх, Болдтой долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдов
МАН-ын 28 дугаар Их хурал хоёр өдрийн туршид хуралдлаа. Энэ хуралдаанаар намынхаа дүрмийг шинэчилж, /2017.11.21/ 21.40 цагт намын шинэ даргаа сонголоо. Намын шинэ даргаар нийт сонгочдын 63,1 хувийн саналыг авсан У.Хүрэлсүх сонгогдлоо.
Б.Хурц “Цензургүй” ярив
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өнгөрөгч даваа гарагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Энэ үеэр тэрээр “Би Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ яамыг авахаараа юу хийдэг тухай дүн шинжилгээг л хийсэн. Энэ хүн өөрөө сайд байхдаа С.Зоригийн хэргийг Тагнуулын байгууллагаас сольж 32 ажилтанг сольсон байдаг. Сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаж 15 хүнийг хорьсон. Энэ хэргийн ажлын хэсэг тагнуул, цагдаагийн бүрэлдэхүүнтэй прокурорын өндөр хяналтад явагдсан. Бид Амганланбаатарын үгээр биш хөндлөнгийн баримтад тулгуурлаж илрүүлсэн” гэв.
М.Энхболдод 3 тэрбум 313,5 сая төгрөгийн хандив өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандивын тайланг Аудитын ерөнхий газраас олон нийтэд ил болголоо. М.Энхболдод 2200 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгч, нийт гурван тэрбум 313,5 сая төгрөг буюу хамгийн их хандив цуглуулжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгад нийт 1101 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн бол МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт нийт 1062 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн байна.
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд сонгогдов
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт /2017.11.21/ өдөр болж, хамгийн өндөр санал авснаар С.Эрдэнэболд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид аравдугаар сарын 29-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 90 гаруй мянган гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрөө хөтөлбөрөө танилцуулж, санал хураалтаа явуулсан юм.
Ж.Батзандан: Миний хоёр ахыг надтай хамт гүтгэсэн
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эсрэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулахыг дэмжсэн гишүүд нэмэгдсээр байна. Манай цензуртай байгууллагын дарга Цензургүй ярианд орохдоо гүтгэлэг тараасан. Миний хоёр ахыг надтай хамт гүтгэсэн. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон явдлын талаар мөн л гүтгэсэн. Би хуульч хүн, миний амнаас “ална” гэдэг үг гарч байгаагүй. Энэ гүтгэлгийг нээлттэй сонсголын үед баримттай гаргаж тавина” гэв.
Д.Амарбаясгалан улиран сонгогдов
МАН-ын шинээр байгуулагдсан Бага хурал анхны хурлаа хийлээ. Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон юм. МАН-ын дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгоно“ гэж заасан байдаг. Тиймээс У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгаланг үлдээх санал оруулж иржээ. Ийнхүү уг хуралдаанаас намын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан 74.5 хувийн саналаар улиран сонгогдов.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд томилогдов
МАН дүрэмдээ өөрчлөлт оруулан их хурлаараа баталсан. Ингэхдээ Удирдах зөвлөлийн тоог 29 хүртэл байхаар заасан юм. Ийнхүү Бага хурлаараа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ баталсан байна. Тус намын удирдах зөвлөлд Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, М.Энхболд, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Су.Батболд, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Ч.Улаан нар томилогдсон байна.
Нийгэмд
"129-р цэцэрлэгийн эрхлэгч 24 сая төгрөг өөртөө завшсан" гэв
Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармааг хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж буй багш, эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 129 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Энхжаргал "Би 129-р цэцэрлэгт 24 жил ажилласан Боловсролын тэргүүний ажилтан. Есдүгээр сарын 28-нд намайг хууль бусаар ажлаас халсан. Ө.Алдармаа 24 сая 500 мянган төгрөг өөртөө завшсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон” гэв.
Дэлхийд
Дэлхийн хамгийн том агаарын хөлөг сүйрчээ
Нисэх онгоц, дирижаблийн аль алиныг санагдуулсан “Airlander 10” агаарын хөлөг хөөрснөөсөө хойш удажлгүй унажээ. Дэлхийд хамгийн томд ордог уг хөлөг зогсоолоос хөөрсний дараа ургаа мод шүргэн, бүрээсээ гэмтээснээр гели хий нь алдагджээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. “Airlander 10” хөлөг тариалангийн талбайд унаж, 20 тоннын жинтэй нисгэгчдийн бүхээг бүрэн эвдэрчээ.
Алга болсон шумбагч онгоцонд эмэгтэй далайчин бий
Аргентины 44 далайчинтай алга болсон шумбагч онгоцыг эрсээр 6 хонож байна. Тэднийг амьдаар нь олох горьдлого алдарч байгаа бөгөөд хүчилтөрөгч, хоол хүнсний нөөц цаашид ердөө 5-7 өдөр л хүрэлцэх гэнэ. Чухам юу болсон талаар албан ёсны мэдээ байхгүй байгаа аж. Шумбагч хөлөг онгоцонд Элиана Мария Кразик гэдэг далайчин эмэгтэй хамт яваа аж.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ