"ИТХ-ын Тэргүүлэгчид хууль зөрчин шийдвэр гаргадаг" гэв


Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас аймаг, сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр /2017.11.27/ танилцууллаа. Тэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаад иржээ.
Аймаг, сумдын Засаг дарга нар, Иргэдийн хурлын төлөөлөгчид Сум хөгжүүлэх сангийн болон Засаг даргын нөөц хөрөнгөө үр ашиггүй зарцуулж байсан гэж Авлигатай тэмцэх газар үзжээ. АТГ-аас орон нутагт хийсэн шалгалттайгаа холбогдуулж, дараах зөрчил илэрснийг мэдээлсэн юм.
СҮХБААТАР АЙМАГ
Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 2016 онд 83.8 сая, 2017 онд 38.9 сая төгрөг олгосон
Дэмжлэг, буцалтгүй тусламжид 2016 онд 18.9 сая, 2017 онд 24.5 сая төгрөг зарцуулсан
Хүлээн авалтын арга хэмжээнд 2016 онд 41.4 сая, 2017 онд24.5 сая төгрөг зарцуулсан
Нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 2016 онд 152.4 сая төгрөг, 2017 онд 119.6 сая төгрөгийг тус тус зарцуулсан.
ДАРХАН-УУЛ АЙМАГ
2016 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Засаг даргын орлогчид зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 8,1 сая төгрөгийг нэг удаагийн тэтгэмж болгож олгосон. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйл дэх заалтыг зөрчжээ.
ХӨВСГӨЛ АЙМАГ
Хөвсгөл аймгийн Засаг дарга 2017 онд өөрийн нөөц хөрөнгөөс 30 сая төгрөг гарган, Улсын цол хүртсэн бөхөд урамшуулал болгон өгсөн нь холбогдох хууль зөрчсөн гэв. Уг нь бол Засаг даргын нөөц хөрөнгийг гэнэтийн осол, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед зарцуулах журамтай юм.
СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛЭЭР ДУРГИЖЭЭ
'Сум хөгжүүлэх сан'-гийн зээл олгох сонгон шалгаруулалт нээлттэй бус явагддаг, сумдын удирдлагууд өөрсдийн төрөл садан, найз нөхдөдөө давуу байдал бий болгож, зээл олгодог байсан тухай АТГ-ынхан онцлов. Тиймээс зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, хяналт сулрах, эргэн төлөлт хийгдэхгүй удах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах зөрчлүүд илэрчээ. Жишээлбэл,
Увс аймгийн Наранбулаг суманд Сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байгаа аж.
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн, шаардлага хангааагүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон зөрчил илэрчээ.
Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг Төрийн сангийн ажилтны нөхөр авсан тохиолдол гарсан байна.
Увс аймгийн нэгэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд /Тухайн суманд байнга оршин суудаггүй/ Сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авсан. Өнөөг хүртэл дээрх зээлийн эргэн төлөлт хийгдээгүй зэрэгзөрчлүүд АТГ-ын шалгалтаар тогтоогдсон байна.
Тухайн аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын тэргүүлэгчид зарим тохиолдолд зөвхөн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох эрхтэй. Гэтэл эрх мэдлээсээ хэтэрсэн шийдвэр гаргаж, нэмэлтээр төлбөр, хураамж тогтоодог зөрчил орон нутагт түгээмэл гарчээ.
АТГ-аас мэдээлснээр,
Сүхбаатар Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад Тэргүүлэгчид урамшуулал олгох тогтоол гаргаж,шийдвэрлэсэн.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор эрүүл мэндийн шинжилгээний үнэ тухай, тогтоолоор түрээсийн төлбөрийн жишиг үнэ, тогтоолоор шүлхий өвчин гарсантай холбогдуулан постоор өнгөрч буй авто машинаас авах хураамжийг тогтоосон.
Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэнд амины орон сууцны болон аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.
Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ойн тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн Ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь баталсан.
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 53 дугаар тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар аймаг, нийслэлийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн “Зүүн Чойр” хийдэд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгосон нь тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ