"Хандлагыг өөрчилье Хамтдаа хөгжье" арга хэмжээ болно

"Хандлагыг өөрчилье Хамтдаа хөгжье" LEAD Talks төслийн арга хэмжээ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хийгдэж буй, 12-р сарын 3-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл болон ажил олгогчдыг холбох, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв мэдээлэл түгээж, эерэг хандлагыг төрүүлэх зорилготой нөлөөллийн төсөл юм.

2017 оны 9-р сараас 2018 оны 3-р сар хүртэл хэрэгжих LEAD Talks төслийн хүрээнд LEAD Talks арга хэмжээ мөн LEAD Talks видео бүтээгдэхүүн гаргах юм. Ажил олгогчид, холбогдох төрийн албаны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэдний асран хамгаалагчид болон ажил хайж буй залуус зэрэг 300 гаруй оролцогчдыг хамруулсан томоохон арга хэмжээ нь 11-р сарын 28-нд болох LEAD Talks арга хэмжээ юм.

LEAD Talks арга хэмжээн дээр LEAD Talks буюу амжилтын түүхүүд, LEAD expo хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, LEAD job fair - хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн гишүүдэд зориулсан ажлын байрны мэдээллийг ажил олгогчид танилцуулах юм. LEAD Talks арга хэмжээний үеэр амжилт, ялалтын түүхээ хуваалцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн илтгэл, Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах эрх, нийгэмд оролцож, ажил хөдөлмөр эрхлэхэд хүртээмжтэй орчин ямар чухал болохыг өгүүлсэн илтгэгч нарын илтгэлийг видео бүтээгдэхүүн болгон бэлтгэж 12-р сарын 3-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөс эхлэн улс орон даяар телевизүүдээр нэвтрүүлэх юм.

LEAD Talks видео илтгэлийг телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв ойлголтыг илүү олон хүнд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, тэгш нийгмийг бүтээхэд хүн бүрийн оролцоо, бага гэхгүй хичээл зүтгэл, санаачлага чухал болохыг харуулах юм. LEAD Talks төслийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Оюу Толгой ХХК болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлэн, World Learning ТББ дэмжин ажиллаж байна.LEAD Talks төслийг LEAD Mongolia 2017 Монгол дахь хөтөлбөрийн оролцогчид болох "Ажилгүйдэл ядуурлыг бууруулах" багийн гишүүд санаачлан хэрэгжүүлж байна.

АНУ-ын элчин сайд Жэнифер Зимдал Галтын санаачлагаар Монгол улсад хоёрдахь жилдээ амжилттай хэрэгжиж буй LEAD Mongolia хөтөлбөр нь байгаль орчин, ажилгүйдэл ядуурал, ил тод байдал гэсэн бодлогын сэдвээр 100 манлайлагч залуусыг чадавхижуулж, хөтөлбөрийн залуус сонгосон бодлогын сэдвээр төсөл санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь LEAD Talks юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ