Чехийн Элчин сайдын яам визний мэдүүлэг авах цаг товлодог боллоо

Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яам визний мэдүүлгийг хүлээн авах цагийн хуваарийн визапойнт системээ 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс эхлэн зогсоож, шинэ бүртгэлийн системээр виз мэдүүлэх цаг товлодог болж байгаа аж. Энэхүү шинэ бүртгэлийн системийн ажиллагааны талаар өнөөдөр /2017.11.28/ Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Визапойнт системийг нийт 37 оронд хаажээ. Шинэ бүртгэлийн системд шилжсэнээр виз мэдүүлэг нээлттэй болно гэж хэллээ.
Виз мэдүүлэхэд дараах зүйлийг анхаарах ёстой аж. Үүнд:
Богино хугацааны шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 утасны дугаар луу залгана.
Богино хугацааны шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн Баасан гариг бүр өглөө 08:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 54 ш визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг аж.
Ажил эрхлэлтийн карт мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн Баасан гариг бүр өдөр 13:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 18 ш визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг байна.
Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрхээр виз мэдүүлэх үүнд гэр бүл нэгдэх, суралцах, бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны эсвэл удаан хугацааны оршин суух эрх мэдүүлэх, байнгын оршин суух гэх бусад төрлүүдийн хувьд зөвхөн visa_ulaanbaatar @mzv.cz И-МЭЙЛ хаягт Баасан гараг бүр 08:30 минутаас эхлэн хандаж дараа долоо хоногт хүлээн авах 15 ш визийн өргөдлийн ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг болно.
Ярилцлагын тов и-мэйлээр илгээхдээ тусгай код ашиглах ба тухайн код Элчин сайдын яамны цахим хуудасны нүүрэн хэсгийн баруун дээд буланд улаанаар долоо хоног бүр шинэчлэгдэн тавигдана.
Ярилцлагын тов тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл Элчин сайдын яамны цахим хуудсанд монгол, чех хэлээр тавигдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ