Иргэддээ халгаатай хотын гоё "шал"

Улаанбаатарт жил бүрийн өдийд халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл утаанаас ч дутахгүй их асуудал үүсгэдэг. Өглөө гэрээсээ бүрэн бүтэн гарсан хүмүүс өнгөт хавтангаар өнгөлсөн шалан дээр халтирч унаад, орой нь хөгжлийн бэрхшээлтэй болох нь энүүхэнд.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед хүмүүс олноороо бэртэж, гэмтэж байна. Тухайлбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг энэ үед ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг аж. Учир нь 11-3 дугаар сард нийслэлд халтиргаа гулгаа хамгийн их. Гэмтсэн иргэдийн 80 гаруй хувь нь автомашины бус явган хүний зам дээр унасан байгаа юм.

Урд хөршөөс импортолж, улмаар нийслэл хотыг гоёх гэж хэд хэдэн байршилд тавьсан өнөөх гоёмсог гялгар хавтангууд бидний эрүүл мэндэд заналхийлж байна. Тухайлбал, Арслантай гүүр, Засгийн газрын ордны хойд тал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цагдаагийн хэлтсийн хойд талын явган хүний замыг ийм гялгар, мөлгөр чулуун хавтангаар гоёсон. Харамсалтай нь, гоё харагдахаасаа илүүтэй өвөл, хаврын улиралд бидэнд “гай” л болж байна.

Өнгөрсөн өвлийн байдлаар 70 мянга гаруй хүн халтирч унаснаас болоод хүнд, хөнгөн гэмтжээ. Халтирч унасан иргэдийн 20-иод хувь нь группт шилжсэн гэх тоо баримт ч бий. Ер нь явган хүний замд ач холбогдол өгч, үүрэг даалгавар өгсөн дарга тун цөөхөн биз. Тиймдээ ч өнөөдөр хотын явган хүний зам стандарт бус, солонгын долоон өнгө шиг элдэв төрлийн чулуун хавтангаар дүүрчээ.

Мөн “Цас ормогц тохижилт үйлчилгээний байгууллагууд явган хүний замын цасыг нягтаршиж халтиргаа гулгааг үүсэхээс нь өмнө өглөө эрт цэвэрлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод орчныхоо 50 метр газрыг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгаж хэвших ёстой” гэсэн үүрэг даалгаврыг л хэвшүүлчихвэл болох юм.

Зам тээврийн осол тоогоо алдаад буй энэ үед ядаж явган хүнийхээ замыг нийслэлчүүдийн хэрэгцээнд тохируулаад, улиралд нь зохицуулаад засаж, янзалдаг болмоор байна.

Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

Иргэн хүн:

1.Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
2.Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
3.Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
4.Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
5.Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
6.Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх
7.Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

М.Баясгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ