Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу 11-р сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна.

Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин бөгөөд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган мэдээлсэн байна.

Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна.

Тэрбээр“Нэг сартай байхдаа гурван ихэр гэдгийг нь мэдсэн. Маш их баярласан. Хүүхдүүдийг маань эсэн мэнд эх барьж авсан БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ. Ихрүүд 5 болон 7 настай 2 ахтай юм байна.

Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол. Үүнээс 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байжээ.

Дашрамд дурдахад, гурван ихэр төрсний маргааш нь буюу 11-р сарын 30-ны өглөө Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хоёр ихэр хүү мэндэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ