"ХДХВ-ийн илрүүлэг оношилгоонд анхаарах нь чухал" гэв

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил уг өдрийг Монгол Улс "Би сэргийлж чадна. Харин та..." гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Харин дэлхий дахинд "Эрүүл амьдрах эрх" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буй юм. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр ЭМЯ болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.

ХДХВ/ДОХ-ЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өдгөө дэлхий дахинд ХДХВ/ ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрээд байна. Мөн өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 36.7 сая гаруй хүн амьдарч байгаагийн 2.5 сая гаруй нь 15 хүртэлх насны хүүхдүүд аж.

Харин Монгол Улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгдээд байна.

Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор нас барсан 5 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХДХВ-ийн халдвартай 14 эхээс төрсөн 20 хүүхдийг эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хамруулж, хяналтад оруулж байгаа гэв. 2016 онд ХДХВ-ийн халдвартай 7 жирэмсэн эх хянагдаж байсан бол 2017 онд 9 жирэмсэн эх хянагдаж байгаа аж.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байна.

Нийт тохиолдлоос эмэгтэйчүүд 18.6%, эрэгтэйчүүд 81.1% ийг эзэлж байгаа ба үүний 78.7% нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд ажээ.

2017 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол хийжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХДХВ-ийн халдварын тархалтыг 2020 он гэхэд хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгохоор 90-90-90 зорилт тавин ажиллаж байна.

Гурван 90-ийн зарчим нь 2020 он гэхэд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 90 хувийг оношилно, оношлогдсон хүмүүсийн 90 хувийг РВЭЭ-нд хамруулна, тэдний 90 хувьд ХДХВ-ийн ачааллыг дарангуйлна гэсэн үг юм.

2017 оны 11 сарын байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлоос манай улсад ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 93.5% нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж байна. РВЭЭ-нд хамрагдсан хүмүүсийн 92%-д ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна.

Иймд манай орны хувьд ХДХВ-ийн халдварын илрүүлэг оношилгоонд анхаарах нь чухал байна. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ