Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиодог. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгааг хүргэж байна.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын дөрвөн хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын түвшин бусад өрхөөс хоёр дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Үндэсний статистикийн хорооны 2016 оны судалгаагаар Монгол Улсад нийт 100993 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас төрөлхийн 43082, олдмол 43537, 0-17 насны 10740 хүүхэд байна. Харин хөдөлмөр эрхэлдэг 19563 иргэн байгаагаас 2727 нь тэтгэврийн насны иргэд ажээ.
'Ажил эрхэлдэг' хэмээн бүртгэгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил эрхлэлтийн статусаар нь судлахад, 41.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 35.7 хувь нь цалин хөлстэй ажиллагч, 20.1 хувь өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогч, 1.6 хувь нь ажил олгогч, 0.3 хувь нь нөхөрлөл, хоршооны гишүүн байна.
Xөгжлийн бэрхшээлтэй иргэний xөдөлмөр эрхлэлтийн квотын системийн хувь хэмжээ, хэрэгжилт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлээр зохицуулагдаж байна. Энэхүү хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрийн орлого нь 2016 онд 349.5 сая төгрөг байсан бол 2017 оны эхний найман сарын байдлаар 545.7 сая төгрөг байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ, чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох, тэдэнд аж ахуй эрхлэлтийн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг.
Энэ хөтөлбөрт 2016 онд 2,3 тэрбум төгрөг зарцуулж 4626 хүн хамрагдаж 1980 хүн ажлын байраар хангагдсан байна. Харин 2017 онд 4,2 тэрбум төгрөг баталсан бөгөөд эхний долоон сарын байдлаар өссөн дүнгээр нийт 951 иргэнийг хамруулж 1.6 тэрбум төгрөг зарцуулж 827 ажлын байр бий болсон байна. Тус хөтөлбөрт өмнө нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгууллага хамрагддаг байсан бол энэ жил хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүдийг хамруулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ