Таамаг дүүрэн хордлогын тал бүрийн шалтгааныг олъё!


Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин 11 дүгээр сарын 30-ны орой угаарын хийн хордлогод орсон байж болзошгүй шинж тэмдэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан.
Одоогоор Төмөрлөгийн үйлдвэрийн Цувих, Ган бөмбөлөг, Засвар үйлчилгээ гэсэн гурван цехийн ажилчид халуурч, бөөлжин, гүйлгэх хордлогын ижил шинж тэмдгүүд илэрсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тухайд хоёр нь эмэгтэй бөгөөд 20-45 насныхан аж. Эдгээр хүмүүсийн 21 ньаймгийнхаа нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн зургаа нь гэртээ өрхийн эмчийнхээ хяналтад байна. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд байсан бол өчигдрөөс бие нь сайжирч байгаа аж.
Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, ажилчид нь яагаад олноороо хордлогод оров гэдгийг тогтоохоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын албаны байцаагчид үйлдвэрийн байранд ажилласан аж. Тэд эхний ээлжинд үйлдвэрт ямар нэгэн химийн бодис алдагдсан уу, эсвэл нүүрс дутуу шатсан уу гэдгийг нарийвчлан тогтоох гэнэ.
Эхлээд ажилчдыг хоолноос хордсон байж болзошгүй гэж үзэн, үйлдвэрийн хоолноос дээж авч, шинжилжээ. Хоолны шинжилгээний хариу гараагүй байгаа ч эмнэлэгт хүргэгдсэн 21 хүний арваад нь тухайн өдөр ажилчдын хоолноос идээгүй гэдгээ мэдүүлжээ.
Өвчтөнүүдэд илрэх зовиур болоод клиникийн эхний дүгнэлтээр ямар нэгэн химийн бодисоос хордсон байж болзошгүй гэх таамгийг аймгийн эмч нар дэвшүүлж, шаардлагатай шинжилгээг авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Төмөрлөгийн үйлдвэрийн зуухны цехэд 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнийн ээлжинд ажилласан ажилчид зуухныхаа халаалтыг нэмэхийн тулд нэг дор их хэмжээний нүүрс хийсэн. Зуухны галлагааг ингэж нэмсний дараагаас ажилчдын биеийн байдалд өөрчлөлт орж эхэлсэн гэнэ.
Үйлдвэрийн ажилчид олноороо угаартсан ослыг зуухны цехэд нүүрстөрөгчийн хэт исэл явагдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс мэдээлэв. Тус хэлтсийн ажилчид Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан, мэргэжлийн зөвлөгөө өгч эхэлсэн гэх.
Харин нөгөө талд Улаанбаатар хотоос очсон нарийн мэргэжлийн эмч нар эдгээр 21 хүнийг үзээд тоосонцроор дамжсан хүнд металлын хордлого авсан байж болзошгүй гэх таамгийг гаргасан байна. Ажилчдаас авсан шинжилгээний хариу бүгд нарийвчлан гараагүй ч, угаартсанаас гадна амьсгалын замаар химийн ямар нэгэн бодисоос хордсон гэх урьдчилсан оношийг эмч нар тавьжээ.
Иймд төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид юунаас болж хордов гэдгийг нарийн шинжилж, сайн шалгах хэрэгтэй байна. Олон хүний амь нас, цаашид эрүүл мэндэд нь үүсэх эрсдэлийг бодсон ч энэ бол маш ноцтой асуудал. Үйлдвэрийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг баримталдаг байсан эсэх, ажлын байран дахь нүүрстөрөгчийн дан ислийн хэмжээг хянах дохиолол байдаг эсэх, үйлвэрлэлд ашигладаг хорт бодисын талаар маш сайн шалгах хэрэгтэй юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ