"Европт 7,300 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах гэрээтэй" гэв


Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргах ажил олгогч эздэд зориулсан гарын авлагыг Европын холбооны санхүүжилтээр гаргаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Европын холбооны улсуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тавигддаг гадаад худалдааны нэмэлт GSP+, "Ready2Export" нөхцлийг хангаж буй байдалдаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн үнэлгээ хийх гарын авлага, үнэлгээний аргачлалыг бэлдээд байна.
Үнэлгээний аргачлал, асуулгын хуудсыг аж ахуйн нэгжүүд бөглөж, ашигласнаар тухайн байгууллагын бизнесийн нэр хүнд нэмэгдэж, нийгмийн хариуцлагатай ажил олгогч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоонд тогтвортой экспортлох нөхцлөө бүрдүүлж, улам өргөжүүлэх боломжоо хадгалж үлдэх юм.
Уг үнэлгээнд хамруулсан олон улсын хөдөлмөрийн болон хүний эрхийн хэм хэмжээний 10 норм, стандартуудыг ажлын байрандаа сахин хангаж байх нь олон улсын түвшинд хүрэх нэг эхлэл болно.
Манай улс Европын холбооны улсуудад 7,300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах гэрээтэй.
Европын холбооны улсуудын зүгээс манайд худалдааны нэмэлт ганцхан шаардлагыг тавьдаг. Тэр нь тухайн байгууллага үйлдвэрлэлээ эрхлэхдээ хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй байх, хүний эрх, байгаль орчныг хамгаалах асуудлыг тусгасан, авлигагүй орчин зэрэг онцгой нөхцлүүд байдаг. Эдгээр нөхлцийг хангасан байгууллага бүтээгдэхүүнээ экспортлох эрхтэй.
Одоогийн байдлаар байдлаар манай улс Европын холбооны улсуудад 80 гаруй сая долларын бүтээгдэхүүн экспортлоод байна. Тухайн байгууллагыг бүтээгдэхүүн экспортлоход тавигдах стандартыг хангаж буй эсэхэд хяналт тавих байгууллагыг бий болгоно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ