"Өрхийн эмч нарыг ялгаварласан учир ажил хаяна" гэв

Эмч, багш нарын тэмцлийн үр дүнд нийт төрийн алба хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр 2017 онд багтаан 300 мянган төгрөг олгохоор улсын хэлэлцээрээр тохиролцож, 55.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт батлуулсан билээ.

Гэтэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй хэмээн ЭМЯ, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь өрхийн эмч ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэхийн төлөө багагүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал, цуглаан, сануулах ажил хаялт хийсэн.

Үүний үр дүнд Улсын 3 талт нэмэлт хэлэлцээрийг байгуулж, улмаар эрүүл мэндийн салбарын 3 талт нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн баасан гарагт эхлүүлж, ихэнх заалтуудыг зөвшилцсөн хэдий ч хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрч хамтын маргаан үүсгэх нөхцөл үүсээд байна.

2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” хэмээн тодорхойлсон байдаг.

Гэвч Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага. Зах зээлийн зарчмаар ашиг орлого олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн төлөө зүтгэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна. Гэтэл цалин нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй.

Тийм учраас Өрхийн эрүүл мэндийн төвийн 3,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Сангийн яаманд хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үүрч байгаа. Нийт 2,400 хүнд хүрч ажилладаг энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна.

Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 8-нд Баасан гарагт ЭМЯ-ны гадна талбайд эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийхээс төлөвлөсөн байна. Цаашлаад хэрэв үр дүн гарахгүй бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд дагнан ажил хаялт хийх нөхцөл байдал үүслээ. Монголын төр хүнээ үнэлээч ээ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ