МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийг тохижууллаа

Монгол Улсын Их Сургуульд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнуудын лабораторийг Францын ЭНЖИ /ENGIE/ группийн Монгол дахь төлөөлөгчийн газраас тохижуулжээ. Лабораторийн нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-ийн номын санд зохион байгуулагдлаа.

Дэлхийн 70 оронд салбартай, 160 мянган ажилтантай, эрчим хүчний тэргүүлэх компаниудын нэг болох ЭНЖИ групп Монголд үйл ажиллагаа явуулаад 6 жил болж байгаа юм.

Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнуудын сурах орчинг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд судалгаа шинжилгээ явуулахад түлхэц болох 6 нэр төрлийн багаж төхөөрөмж, програм хангамж бүхий 25 сая төгрөгийн үнэ бүхий буцалтгүй тусламж өглөө.

Хандивын ач холбогдлын талаар ЭНЖИ группийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Бөнуа Рибесс “Дэлхий нийт уламжлалт нүүрсхүчлийн хий ялгаруулдаг эрчим хүчний үйлдвэрлэлээс байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байна. Манай групп ч энэ чиглэлд тэргүүлдэг бөгөөд инноваци болон судалгаанд маш их ач холбогдол өгдөг.

Монголд бид хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр судалж байгаа. Одоогоор Сайншанд дахь 55 мВт хүчин чадалтай салхин цахилгаан станцд хөрөнгө оруулсан бөгөөд барилга угсралтын ажил амжилттай үргэлжилж байна. Бидний хэрэгжүүлж буй төслүүд дээр ажиллах олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн, чадварлаг боловсон хүчин чухал байдаг. Тиймээс Монголын онцлог, нөхцөл байдлыг мэддэг, судалдаг энэхүү лабораторитай хамтран ажиллах нь чухал юм.

Оюутнууд эдгээр төхөөрөмжийг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн систем буюу нарны фотоцахилгаан болон нарны дулаан, салхи, түлшний элемент ба уламжлалт эрчим хүчний систем гэх мэт болон тэдгээрийн хосолсон системийг загварчлах ур чадваруудыг эзэмшинэ” гэв.

МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний IV курсийн оюутан М.Бадамхатан “МУИС дээр бид Сэргээгдэх эрчим хүчний клуб байгуулахыг зорьж байна. ЭНЖИ группийн хандивласан тоног төхөөрөмж энэ клубын үйл ажиллагааг цаашид амжилттай явуулахад чухал хэрэгтэй. Клуб байгуулснаар оюутнууд хамтран ажиллах, шинэ санаагаа хуваалцах, бие биенээ дэмжих орчин бүрдэх юм.

Лабораторид буй шинэ тоног төхөөрөмжүүдээр дулааны хэмжилтээ илүү нарийвчлалтай хийх боломжтой болж байна. Ингэснээр цаашдын судалгаа, шинжилгээний ажил чанаржиж, асуудлыг оновчтой шийдвэрлэж чадна. Энэхүү лабораторид эрчим хүчний чиглэлээр суралцаж буй 100 гаруй оюутнууд сууж, судалгаа хийх боломжтой” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ