“АСК Хэнтий” 2017 тэмцээн боллоо

Хэнтий аймгийн оюутан залуусын дунд хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “АСК Хэнтий” 2017 хоёр үе шаттай явагдаж, 11 сумын залуус авъяас, ур чавдараараа өрсөлджээ. Өнөөгийн залууст тулгамдаж буй асуудал, хүний мөн чанар, эх орныхоо мандан бадрал, үүх түүхээрээ бахархах, нийгмийн шилжилт, ороо бусгаа байдлаас болж хүн хүнээ байж, хүсэл мөрөөдөл нь замхран үгүй болж байгааг болон сошил медиа хүн хоорондын харилцааг улам бүр бүдэгрүүлж байгаа зэргийг урлагийн хэлээр дамжуулан хүргэжээ.

Эхний шатнаас Гала тоглолтод шалгарч үлдсэн “Тэмүүжин” цогцолбор сургууль, Хэрлэн 4-р сургууль, Галшар сум, Бэрх хот, Хэрлэн 1-р сургууль болон Батноров сумын залуучууд авъяас чадвараараа хүч тэнцүү өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ. Батноров сумын “Андгай” баг шилдгийн шилдэг байж тэргүүн байрын эзэд болсон бол дэд байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн “Пентагон” баг эзэлж мөнгөн шагнал болон батламжийн эзэд болсон байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймгийн Оюутны холбоог тэргүүлдэг бөгөөд түүний хэрэгжүүлж эхэлсэн “Хэтийн Хэнтий”-2030 хөтөлбөрийн хүрээнд “АСК Хэнтий” буюу Авъяаслаг Сэргэлэн Хэнтийчүүд тэмцээн хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдаж буй юм байна. Тэмцээнийг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болон аймгийн ГБХЗХГ дэмжин ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ