Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг явж эхэллээ

Өнөөдөр Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо. Тус чиглэлийн 305/306 дугаар галт тэрэг аялуулах талаар өнгөрсөн есдүгээр сард Вьетнам улсын Халонг хотноо болсон олон улсын галт тэрэгний хурлаар хэлэлцэж, улмаар ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан Хятад-Монгол-ОХУ-ын хилийн хэлэлцээрээр баталгаажуулсан аж.

Шинэ галт тэрэг аялуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар Төмөр Зам /УБТЗ/ ОХУ-аас 2014 онд авсан шинэ вагоноос бүрдсэн галт тэрэгний бүрэлдэхүүн зэхэлтийг бүрэн шинэчилж, вагоны үйлчлэгч нарын дүрэмт хувцсыг шинэ загвараар хийлгэн, зорчигчдын тав тух, аюулгүй байдалд ихээхэн анхааран ажилсан гэдгээ нээлтийн үеэр дурьдаж байлаа.

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа “Шинэ тээврийн бүтээгдэхүүн өнөөдрөөс аялалдаа гарч байна. Энэхүү шинэ үйлчилгээг хийж байгаа зорилго нь ОХУ, Монгол Улсын харилцан визгүй зорчдог болсноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Үүнээс үүдэн автомашинаар зорчигчдын тоо эрс нэмэгдэж, “Алтан булаг” боомтод машины бөөгнөрөл үүсч ард түмэнд ихээхэн хүндрэл үүсдэг. Тиймээс шуурхай, найдвартай тээвэр болох галт тэрэгний үйлчилгээг нээе гэсэн нь өнөөдөр биеллээ оллоо.

Хуучин Улаанбаатар-Эрхүү рүү чиглэл рүү хоёр галт тэрэг аялдаг байсан. Нийтдээ 48 цаг явдаг байсан бол 24 цагийн дотор Эрхүү хотод очдог болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр дахин хурдасгасан гэсэн үг. Монголчуудын дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа Улаан-Үд, Эрхүү, Байгаль нуур руу явах аялал жуулчлалын тээврийн хэрэгцээг бүрэн хангахаар болж байна. Ингэснээр дотоодын жуулчид найдвартай, байгалийн ямар нэгэн үзэгдэл цас борооноос хамаарахгүй тухтай дулаахан, унтаад явчих тээврийн хэрэгслээр зорчих боллоо. Энэ галт тэрэг долоо хоногт гурван удаа аялах юм” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ