МХЕГ-ын байцаагчдын гэр оффшор болсон уу?


АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдах албан тушаалтан бүхий арав гаруй хүнийг энэ сарын 7-нд шалгаж эхэлсэн. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж тусгай зөвшөөрөл олгож, хилээр бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирдэг сүлжээ бүхий гэмт хэргийн бүлэглэл бий болоод байгааг АТГ тогтоожээ.
Тухайлбал, энэ сарын 7-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр нэгэн амралтын газарт уулзалт зохион байгуулсан байна. Үүний дагуу гэнэтийн шалгалт хийж, бусдаас онц их хэмжээний авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ.
Ийнхүү МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч тус бүртээ юань, ам.доллар, төгрөг зэргийн их хэмжээний мөнгө авч байхад нь барьсан гэнэ. Тэнд байсан төрийн алба хаагчдаас нийтдээ 30 гаруй сая төгрөг хураан авсан байна. Дээрх мөнгөнд юань, ам.доллар зэрэг багтсан байжээ.
Ингээд АТГ-аас мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчдыг тус бүрт нь гэр рүү нь авч яваад үзлэг, нэгжлэг хийжээ. Ийнхүү нэгжлэг хийхэд хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын гэрээс 460 сая гаруй төгрөг илэрсэн байна. Тэд ямар нэгэн хувийн бизнес хийдэггүй. Энд тэндээс орлого орж ирдэг талаар ямар ч мэдээлэл байхгүй мөртлөө 200 гаруй сая төгрөг тус бүртээ хадгалж байсан аж. Их хэмжээний мөнгө хаанаас авсан, ямар замаар ийм мөнгөтэй болсон талаар хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нартаа тайлбарлаж чадахгүй байгааг эх сурвалж онцолж байв.
Ард иргэд элдэв аюулгүй бараа, үйлчилгээг хүртэж, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг аливаа хүнд сурталгүйгээр авч байх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагыг байгуулж байсан цаг саяхан. Хуучин энэ байгууллагын эрх, үүрэг яамдын бүтцэд багтаж, ажил үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр тус байгууллага салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнээр боломжийн хэмжээнд ажиллаж байсан. Гэтэл одоо хүн бүр энэ байгууллагад ам муутай байх болж. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглажбусдыг дарамталдаг, мөнгө нэхдэг байдал нь цагаандаа гарсан талаар хүн бүр л ярьдаг.
Үүнээс үүдэлтэйгээр дээрх арав гаруй нэр бүхий албан тушаалтны гаргаж байсан шийдвэр, харилцагч компаниудын талаарх мэдээлэл, хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний талаарх баримт зэргийг хуулбарлан авсан гэнэ. Мөн шалгагдаж байгаа байцаагч бүрээс мэдүүлэг авч эхэлжээ. Түүнчлэн өөрийнх нь болоод ойр дотны хүмүүсийн дансны мэдээлэл зэргийг нь нарийвчлан шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр нэгэн компаниар байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох нь тогтоогджээ.
Хувийн бизнес эрхэлдэггүй, жирийн нэгэн төрийн албан хаагч ийм их хэмжээний мөнгийг гэртээ хадгалж байсан нь авлига хэрхэн цэцэглэснийг төвөггүйхэн харж болох юм. Ямар оффшор хөрөнгө биш дээ. Мэдээж урдах ажлаа сайн хийгээд, илүү харж билүү долоодоггүй төрийн албан хаагчид олон бий. Гэхдээ тэднийг дээрх шиг нөхдүүд нийтэд нь мэтээр харлуулж харагдуулдаг нь нууц биш. Ямартай ч хууль хяналтынхан уг асуудлыг эцэслэн тогтоож, шийдэх биз ээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ