"Монголын ХМХ-үүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхаарахгүй байна"

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 10 дахь удаагийн дэлхийн чуулга уулзалт энэ оны 11 дүгээр сарын 15-19-ний хооронд Өмнөд-Африкийн нийслэл Йоханнесбург хотод болж, дэлхийн 130 орны 1,200 орчим сэтгүүлч хуран чуулжээ.

Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас сэтгүүлчдийн төлөөлөл оролцож таван өдрийн турш 150 гаруй салбар хэлэлцүүлэг, сургалт, семинар, харилцаа холбоо тогтоох онцгой үйл явдлуудад оролцож өнөөдөр Монгол сэтгүүлчиддээ туршлага хуваалцах, сургалт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлага болон Монгол сэтгүүлчид юуг анхаарч ажиллах хэрэгтэй талаар олон үнэтэй зөвлөгөө, мэдээллүүдийг өгсөн юм.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах "Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэрхэн хөгжиж байгаа болон Монгол сэтгүүлчид юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг тал дээр өнөөдөр бид төвлөрч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Дэлхийн хэмжээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь хил дамнасан хамтын ажиллагаа, эрэн сурвалжилга, технологийн дэвшлийг ашиглаж мэдээллийг эрж хайх, хадгалах, шалгах, түгээх арга барилд улам ахицтай хөгжиж буй чиг хандлагатай байна.

Монголын сэтгүүлчид технологийн дэвшлийн тал дээр суралцах зүйл маш их байна. Өнөөдөр Хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үнэтэй, цаг хугацаа их шаарддаг гэсэн шалтгаанаар энэ салбарт төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь мэргэжлийн сэтгүүл зүйг тодотгох, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэх гол арга хэрэгсэл болсон байна.

Бусад орны туршлагаас харахад айхгүй хий, хийх явцдаа суралц, бусадтайгаа нэгд гэсэн зарчмын дагуу явж байна. Тиймээс Монголын сэтгүүлчид ч бас энэхүү зарчмыг баримталж ажиллах нь зүйтэй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ