“Болор цом”-ын эзнээр М.Отгонбаяр тодров


Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Говь-Алтай аймагт боллоо. Энэ жилийн Янжинлхамын эгшиглэнт найрагчаар яруу найрагч М.Отгонбаяр 'Ижийдээ нас гуйсан' шүлгээрээ түрүүллээ.
Энэ жилийн яруу найргийн наадмын сүүлийн шатанд О.Цэнд-Аюуш, Я.Отгонбаяр нарын найрагчид үлдээд байсан юм. 'Болор цом 2017' наадмын тэргүүн шүлгийг эргэн хүргэнэ.
Зөвхөн нийслэл хотод болдог байсан энэхүү наадам сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт ээлжлэн зохиогдож ирсэн. Өнгөрсөн онд Дорнод аймагт болоход Борхүүгийн Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Ч.Ууганбаяр, Д.Гансүрэн, М.Уянсүх нар удаах байруудад орж байсан юм.
“Болор цом” наадам 34 удаа зохиогдоход хамгийн олон удаа Янжинлхамын эгшиглэнт найрагчаар тодорсон хүмүүс бол Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нар юм. Тэд тус бүр гурван удаа “Болор цом”-ын эзнээр тодорч байжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Цэндийн Чимэддорж /“Малчин”, “Элсэн тасархай” шүлгээр/, Төрийн соёрхолт зохиолч Дамбын Төрбат /“Сүү” “Ижий” шүлгээрээ/ нар ажээ. Бүсгүй найрагчдаас Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо нар “Болор цом”-ын эзэд болж байсан.
Тиймээс ч тэднийг Монголын яруу найргийн “Марал гурван од” хэмээн өргөмжлөх нь бий. Яруу найргийн наадамд хамгийн олон жил оролцож байж “Болор цом”-тон болсон найрагч бол Дамдинсүрэнгийн Урианхай ажээ. Тэрбээр тасралтгүй 19 жил найргийн наадамд оролцож, үзэл бодолдоо үнэнч байснаараа энэхүү наадмын тэргүүн шагналын эзэн болж байжээ. Яруу найргийн наадамд оролцогчдын тоо жилээс жилд өсч, Өвөр Монгол, Хөх нуур мужаас яруу найрагчид шүлгээ ирүүлж шалгаруулалтад оролцдог болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ