Г.Номундарь охин нийгмийг сэрээв үү?


Монголд өсвөр насныхны хар тамхины хэрэглээ, амиа хорлолт, хүчингийн хэрэг хэрээс хэтрээд байгаа гэхэд хилсдэхгүй.
Өнгөрөгч баасан гарагт “Бридж” группын ерөнхийлөгч Д.Ганхуягын охин баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи, мансууруулах бодис, хэрэглэж архидан согтуурдаг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн. Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу түүний 16 насны төрсөн өдрөөр хамт явсан нөхөд нь ууж байсан зүйлд нь мансууруулах бодис хийж “хүчирхийлжээ”. Үүнээс гадна түүний дүүд ч энэ маягаар хүч хэрэглэсэн гэх.
Бараг нэг цаг гаруй үргэлжилсэн энэ бичлэг 11 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн бөгөөд сошиал сувгаар тэр дороо цацагдсан ч 5-6 цагийн дараа устгагдсан аж.
Тэрээр бичлэгтээ “Та нар ээж рүү минь залгаж сүрдүүлж, гэр бүл рүү минь залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй. Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, "Монос" байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Учир нь та нар хэрэг хийсэн. Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ” хэмээсэн байсан.
Угтаа бичлэгийг тойрон олон янзын байр суурь хөвөрч байна. Охиныг зөвтгөсөн, буруутгасан, баячуудыг үзэн ядсан гээд. Энэ бичлэг үнэн бодитой эсэх талаар албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна. Үнэн байлаа гэхэд олон зүйлийг бидэнд хэлж байна. Баялгийн тэгш бус хуваарилалтыг даган Монголын нийгэм туйлын ядуу, туйлын баян гэсэн хоёр хэсэгт аль хэдийнэ хуваагдсаныг энэ бичлэг нотоллоо. Насанд хүрээгүй хүүхдүүд “Блю Скай”-д төрсөн өдрөө тэмдэглэж, архи ууж согтууран, гэмт хэрэг бүлэглэн хийж, цагдаад очсон ч бүгд хуулийн хариуцлагаас мултарчээ.
Г.Номундарь охины асуудлыг олон хүн "шүүх нь шийднэ биз" гэж нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөх хүсэлтэй байгаа ажиглагдав. Шүүх засаглалд, цагдаад ард түмэн итгэлээ гээж байна.
Энгийн ардын амьдрах тэгш эрх өдрөөс өдөрт алдагдаж, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу амьдрах болов. Г.Номундарь охины асуудал олон залуус, бизнесийнхний нэр хүндэд шууд нөлөөлөхөөр болчихоод байна. Харин энэ асуудлаар шүүх хурал олон нийтэд ил тод болох уу? Шүүх хурлаас наана охины аав Д.Ганхуягыг бизнес, улс төрийн элдэв шахаанд хийх үү? Энэ хүмүүс бүгд биесээ маш сайн мэддэг учраас наанадаж халуун нүүр, цаанадаж бизнес, улс төрийн нүүр царай яригдах гэж байна.
Энэ асуудал ганц баян чинээлэг айлын хүүхдүүдийн асуудал биш. Бусдыг адлан тохуурхан байх хооронд бидний, таны үр хүүхдийг хар тамхи мансууруулах бодисны сүлжээ урхидах бий. Та мэдэхгүй, сонсоогүй гэдэг нь таныг тойрно гэсэн үг биш.
Хүчингийн асуудал угаасаа ойлгомжтой. Бид 4 настай хүүхэд тарчилахад нэг орилоод өнгөрсөн. 5 настай охин хүчирхийлэлд өртөхөд мөн адил. 13 настай охиныг архинд согтоож хүчиндээд алахад мөн адил. Эцэст нь энэ нийгэмд эрүүл, амьд явах баталгаа хэнд ч алга. Ард иргэд шүүх цагдаад итгэдэггүй. Хүний эрхийн олон байгууллагад итгэдэггүй. Прокурорт итгэдэггүй. Хэвлэл мэдээлэлийнхэнд итгэдэггүй. Сонгосон улс төрчиддөө итгэдэггүй. Ерөнхийлөгчдөө ч итгэдэггүй.
Хэн биднийг ийм итгэл найдваргүй болгосон юм бэ? Одоо өөрөө өөрсдөдөө л найдая. Шүүх хурал ямар ч тохиолдолд цуцлагдаж мэдэх учир. Тэгвэл энэ хэрэг намдаж хатиг улам цаашаа гүнзгийрнэ. Шууд шахах хэрэгтэй.
Болохгүй, бүтэхгүй, тэсэхгүй байсан учир Г.Номундарь охин зоригтойгоор, өөрийгөө болон гэр бүлээ маш их эрсдэлд оруулан байж урагш алхлаа. Тэрээр нийгмийг өөрийн үйлдлээрээ “сэрээж” чадлаа. Баян, ядуу гэлтгүй бүгд л хүүхэд учир эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж, хамгаалж, анхаарахыг уриалсан маш том дохио боллоо. Одоо хүн бүр өөрсдөдөө л найдая. Өөр арга алга.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ