Цагаан будаа "хиймэл" биш


Саяханаас цахим орчинд хиймэл буюу пластик будааны тухай мэдээлэл цацагдаж, хүн бүр л гэртээ будаа шатааж үзсэн байх.
Угтаа анх 2010 онд БНХАУ-д хиймэл будаа үйлдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдсан байна. Тус улсаас Африкийн Сенегал, Гамби, Гана зэрэг орнууд руу их хэмжээгээр тээвэрлэсэн нь тогтоогдсон аж. Харин Хятадын зах зээлд энгийн будааг хиймэл будаатай хольсон байдлаар худалдаанд гарчээ. 2011 онд төмс болон резин ашиглан хиймэл будаа гарган авдаг үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Гэсэн ч Хятадын үйлчилгээний төвүүд, зоогийн газруудад “мэр сэр” хиймэл будаа илрэх болжээ.
Нэг аяга хиймэл будаа идэх нь гялгар тор идэж буйтай адил сөрөг нөлөө үзүүлэх юм. Дунд хэмжээний гялгар уут байгаль дээр 20-1000 жилийн хугацаанд уусч алга болдоггүй. Тэгвэл хүний ходоодонд үүнээс ч илүү аюултай юм. Манай улсын хувьд ОХУ, БНХАУ, Вьетнам, БНСУ, АНУ зэрэг таван орноос жилд ойролцоогоор 110 мянган тонн цагаан будаа импортоор орж ирдэг. Цагаан будааны ихэнх хувийг буюу 60 орчим хувийг ОХУ-аас, харин 10 гаруй хувийг БНХАУ-аас оруулж ирдэг аж.
Хиймэл цагаан будааг манайхан дан ганц гялгар уутаар хийдэг хэмээн үздэг нь эндүүрэл аж. Мэргэжилтний хэлж буйгаар будаа бүхэн ижил найрлагатай байх албагүй бөгөөд ургуулсан хөрс, бордооноосоо хамаарч доторх бодисуудын харьцаа янз бүр байдаг гэнэ. Үр тариа нь өөрөө шатамхай чанартай тул будааг шатаахад өөр өөрөөр шатаад байгаа хэрэг аж.
Түүнчлэн цагаан будааны чанарыг хилээр орж ирэх үед нь хүнд металлын болон хортон шавьжийн хoртой эсэхийг шинжилгээгээр тогтоодог байна. Мөн цагаан будаа импортлох аж ахуйн нэгж нь хамгийн түрүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортын мэдэгдэл буюу зөвшөөрөл авдаг аж. Сүүлд энэ оныхоёрдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсээс цагаан будааг зөв сонгон хэрэглэх талаар анхааруулга гаргажээ.
Ийнхүү нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд БНХАУ-аас хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатайсүмийн зурагтай будаа. Мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллажээ.
Түүнчлэн саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хуурамч цагаан будаа импортоор орж ирсэн эсэхийг тодруулахын тулд төв лабораторидоо шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүнг өнөөдөр танилцуулах юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ