Макаотой “Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр” байгуулжээ

Энэ сарын 15-ны өдөр Макаогийн Засаг захиргааны төв байранд Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотай “Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр” байгуулжээ. Монголын талаас Хонконг, Макаод суух Ерөнхий консул С.Эрдэнэ, Хятадын талаас Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн газрын дарга Чөн Хайфань оролцож, нар “Ялтан шилжүүлэх тухай Монгол, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад харилцааны яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын тэргүүтэй хоёр талын албаны хүмүүс оролцжээ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэдийг эх орондоо шилжүүлэн авч, үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа төдийгүй дээрх баримт бичгүүд нь хоёр талын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн тавдугаар сард манай улс Макаотай "Эрүүгийн гэмт хэргийн харилцан туслалцах хэлэлцээр"-т гарын үсэг зурж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ