Өрхийн эмч өдөрт 15 хүн үзэж, эмийн жор бичнэ

Өрхийн эмч стандартын дагуу нэг иргэнийг 15 минут үзэх ёстой бөгөөд өдөрт 10-15 хүнд үзлэг хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, ийм тоогоор эмийн жор бичнэ гэсэн үг. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийг зөвхөн өрхийн эмчийн заавраар өгдөг. Гэтэл хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн иргэд олноор дугаарлаж, зарим нь эмчтэй маргалдах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.

Эм хангамжийн нөөц, санхүүжилт сайтай эмийн сангууд 15-20 хоногт эмийн нөөцөөр тасардаггүй бол санхүүжилт багатай эмийн сан хөнгөлөлттэй эмийг сарын эхний хэдэн өдөрт олгож дуусдаг аж. Энэ байдал яваандаа арилна гэж Эрүүл мэндийн салбарынхан үзэж байна.

“Улаанбаатар хотын хэмжээнд шинээр 77 эмийн санг сонгон шалгаруулалтад тэнцүүлсэн. Эмийн сангийн хувьд байршил, төсвийн байдал чухал. Эмийн сангийн сарын төсөв 10 сая орчим байх ёстой ба хүн ам төвлөрсөн буюу I зэрэглэлийн эмийн сан дээд тал нь 120 сая орчим төгрөгийн санхүүжилттэй байна. Энэ жилийн тухайд элэгний В, С вирусийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх, элэгний С вирусийн эм гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Жил ирэх тусам эрүүл мэндийн даатгалын зардал нэмэгдэж байгаа' гэж Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газрын Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Энхбат хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ