Сайн аавын сайхан охин

Нийгэмд бугшсан гэмт хэргийг ил шулуун зарлаж, өөрөө гэмт хэргийн хохирогч болсноо нийтэд мэдээлсэн Г.Номуундарь охины асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэрээр өөрийг нь хууран мэхэлж уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хийсэн, үүнээс гадна бас нэг дүүг нь уруу татаж, улмаар олуулаа нийлж хүчирхийлсэн тухай ярьсан. Энэ нь цаашлаад нэг биш хэдэн арав, магадгүй зуу зуун залуус хар тамхи, садар самуунд өртсөн, өртдөг байх магадлалтайг бидэнд дэлгэж буй маш том сэрэмжлүүлэг болсон.

Насанд хүрээгүй хэчнээн зуун охин бэлгийн хүчирхийлэлд орж, түүнийгээ ар гэрийнхнээсээ нууж, найз нөхдөдөө дарамтлуулж, дээрэлхүүлж яваагийн дөнгөж нэг үзүүр. Олон мянган хүүхэд, залуус найз нөхдөө хар тамхи, мансууруулах бодист уруу. татаж, автуулдгийн жишээ. Мөн эцэг, эхчүүдэд үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж, хаана юу хийж явдгийг нь мэддэг байх ёстойг ичтэл сануулсан явдал болсон.

Одоогийн нийгэмд өчүүхэн ч хир буртаг, муу муухайн сүүдэр хүргэмгүй охидыг минь хүчирхийлэл, зодуур нүдүүр, худал, бусармаг зүйлс ямар их дагаж байна вэ.

Охидод тулгарсан зовлон бэрхшээл, хууль бус бүхэн нийгмийг хэсэгхэн шуугиулж, хар бараан мэдээллээр “хооллогчдыг тодорхой хугацаанд тэжээчхээд мартагдсаар байгаа нь харамсалтай. Бүр тэдний үхэл, үнэнийг илчлэхийн төлөөх золиосыг хүртэл хүмүүс мэдээ, мэдээлэл төдийхнөөр л хүлээж авдаг боллоо. Г.Номундарийн хувьд бол үеийнхэн дундаа баймгүй зоригтой, зорилготой үнэхээр мундаг үйлдэл гаргасан. Гэхдээ түүний сэтгэлийн гүн дэхь шархыг олон түмэн сэдрээж, бүү хөндөөсэй гэж хүсэх юм.

Хүмүүс түүнийг хэний охин, хэн болох, ямар брэнд өмсдөг, хэчнээн сургууль сольсон, ямар цүнх үүрдэг, ямар хүмүүстэй нөхөрлөдөг хийгээд сэтгэцийн өвчтэй эсэх талаар судлан шаагилдаж байна. Зүй нь бол тэр хэн байх нь тийм ч чухал биш. Харин түүний үйлдэл найз нөхдийнхөө дундах завхрал, хүчирхийлэл, залуу үеийнхний донтолт, мансуурал, бусдыгаа хар тамхинд уруу татдаг, ороогүй нэгнийхээ уух юманд нууцаар хольдог гэх мэт томчуудын төсөөллөөс давсан муу муухайг илчилсэн маш чанга дохио юм шүү дээ.

Түүний аав Д.Ганхуяг ч үнэхээр сайн аав юм. Охиноо хайрлаж, болсон явдалд сэтгэл нь маш ихээр эмзэглэсэн тухай ярилцлагыг уншаад"үнэн"-ийг олж харлаа. Тэрээр “Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна. Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх” хэмээсэн. Түүний хувьд гэр бүлээ хүмүүсээс нууж хаалгүй,өөрийнхөө сэтгэлийн үнэнийг дэлгэн харуулсан юм.

Зовлон хэнийг ч ялгалгүй ирдэг. Иймээс Д.Ганхуягийнх гэх айлд тохиолдсон энэ харамсалтай хэргийг шүүж элдвээр хэлэхийн оронд энэ хэргийг маш том сургамж хэмээн бодож, өсвөр насны хүүхэдтэй хүн болгон үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх хэрэгтэй юм шүү. Үнэний дуу хоолой болж буй тэдний гэр бүлд зөвхөн сайн сайхныг хүсье хүмүүс минь.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ