Элчин сайдуудыг эргүүлэн татах болсон долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

“Монголбанк өнөөдрийг хүртэл дураараа дургисан”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан /2017.12.19/ болж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь төслийг санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзлээ.Энэ үеэрУИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монголбанк өнөөдрийг хүртэл хуультай хуульгүй дураараа дургисан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад арилжааны банкинд мөнгө гаргаж өгч хууль зөрчсөн байдаг. Нэг хүнийг дөрвөн банкны давуу эрхийн хувьцаа эзэмшигч болгосон. Тэгчихээд Дэлхийн банк ингэж ч зөвлөсөн, Олон улсын валютын сан ингэж ч зөвлөсөн гээд хэнийх ч биш боллоо. Одоо хуулийн зохицуулалтад орох хэрэгтэй” гэв.

М.Энхболд: Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч хийдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд залруулга хийв. Тэрээр “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирээд, УИХ-аар хэлэлцүүлсэн. Түүнээс УИХ томилоогүй. Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч хийдэг. Зарим хүмүүс Элчин сайдын асуудлыг УИХ-д хамаатуулж яриад байх юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг чуулганы хуралдаантай давхацсан” гэв.

Д.Гарамжав: Хүн гутаан доромжлох хуультай шүү

УИХ-ын чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, батлав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гарамжав “Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэх тоолондоо хүн гутаан доромжилж, ёс зүйгүй үг хэлдэг. Миний өмнө нь ажиллаж байсан компанийн хүмүүсийг гутаан доромжлох эрхгүй. Нөхөн сэргээлтийн лиценз олгохдоо эдийн засгийн чадавхгүй, мэргэжлийн бус хүмүүстэй компанийг оруулж ирж байна. Мэргэжлийн хяналт энэ талаар яагаад шалгалт хийхгүй байна вэ. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг компаниуд орж, ажиллах нь буруу. Дээр нь хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү гэдгийг анхааруулъя” гэв.

Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчин сайдаар томилох боломжгүй гэж үзэв

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна.

Нийгэмд

ЕБС-ийн сурагчид ирэх сард бүтэн амарна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.

Д.Ганхуяг ЦЕГ, Ерөнхий прокурорт гомдол гаргав

Сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргажээ. Уг гомдолд “Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэнд бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж үнэн мөнийг тогтоолгож холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, уг хэргийг шалгуулж дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч, энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

"Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" аянг эхлүүллээ

Иргэний нийгмийн байгууллагууд хамтран "Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" аян эхлүүлэх гэж байгаа талаараа өчигдөр мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа "Хүүхэд хамгааллын хууль батлагдсан нь том алхам болсон. Гэхдээ яг цахим орчинд хүүхдийг хамгаалах нь өөрөө онцгой зохицуулалт шаарддаг. Хүүхэд хамгааллын хууль нь зөвхөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний дарааллыг тогтоосон процесс. Цахим орчин болж байгаа зохистой болон зохисгүй үйл явдлууд бүгд бодит ертөнцөд болж байгаа мэт зохицуулалттай байх ёстой” гэв.

Дэлхийд

Японд дэвсгэрт ариутгадаг мөнгөний машин бүтээжээ

Японд үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд “санаа тавьдаг” мөнгөний машин бүтээсэн байна. Мөнгийг үйлчлүүлэгчид гаргаж өгөхийн өмнө ийм мөнгөний машин нь дэвсгэртүүдийг цельсийн 200 хүртэл градустсекундийн аравны нэгийн хугацаагаар халаадаг аж.

АНУ-д галт тэрэг осолдож 6 хүн амь үрэгдэв

Америкийн Сиэттл хотын захад зорчигчийн галт тэрэг осолдсоноор 70 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, 6 хүн амь үрэгджээ. Телевизийн “Россия 24” сувгийн мэдээлснээр Сиэттлээс Портленд хот руу явж байсан төмөр замын “Amtrak”компанийн “Cascades” гэдэг хурдан галт тэрэг гүүрнээс хөл хөдөлгөөн ихтэй И-5 зам дээр унасан байна.

АНУ БНАСАУ-д цохилт өгөхөөр төлөвлөж байна

АНУ-ын эрх баригчид БНАСАУ-ын пуужин-цөмийнхөтөлбөрийг зогсоох зорилгоор тус оронд цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байна гэж “Дейли телеграф” сонинд бичжээ. Дипломат бодлого Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхэд хүссэн үр дүн өгөхгүй гэж Вашингтоны засаг захиргааныхан болгоомжилж байгаа бололтой. Үүнтэй холбогдуулан Цагаан ордон сонинд нотлон бичсэнээр, сүүлийн саруудад цэргийн төлөвлөгөө боловсруулах ажлыг нэлээд эрчимжүүлжээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ