Шинэ жилээр сэгсийтэл сайхан "sale-дээд" өгөөч!

“Бүх бараа 50 хувь хямдарна”, “Супер хямдрал зарлалаа”, “Хаана ч байхгүй зад хямдрал” гэсэн сурталчилгаанд итгээд хүмүүс очтол байдал эсрэгээрээ болж хувирдаг. Учир юу гэвээс тухайн дэлгүүрт очоод хэрэгтэй зүйлсээ хямдруулаад авах гэтэл үсрээд 5 хувь хямдарсан байх жишээний. Харин хэн ч “тоож” авахааргүй шахам барааг 50 хувь хямдруулна гэж хэлж шоконд оруулах нь олон.

Ингэж цагаа гарздаж, бухимдаж байгаагүй хүн Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй. Манайхны том дэлгүүрүүдийн гадна өлгөсөн хямдралын тоотой нүд хужирлам рекламуудын хэд нь бодит байдаг бол гэдэг үнэхээр эргэлзээтэй.

Нээлтээ хийгээд жил ч болоогүй байгаа томоохон дэлгүүрт баярын хямдрал эхлэхээс өмнө 99 мянган төгрөгийн үнэтэй байсан цүнх баярын хямдрал эхэлснээр 100 гаруй мянган төгрөг болж “шокруулна”. Үүнээс гадна бас л манайдаа хамгийн том гэгдэх сүлжээ их дэлгүүрт баярын хямдралаас өмнө 3999 төгрөг байсан тоглоом баярын хямдралын үеэр 6999 төгрөг болж нэмэгдсэн байх жишээний.

Чухамдаа хямдрал нэрээр зарж байгаа барааныхаа үнийг буулгахгүй, нэмээд зарж байна гэдэг бол хэрэглэгчдээ залилж буй явдал юм шүү дээ. Хуучин үнэ нь тавигдаагүй барааг хэн хямдралтай гэж итгэх билээ. Энэ мэтээр Монголд явагддаг хямдралын үнэ цэнэ улам буурсаар. Орлого нь муудаж, санхүүгийн хямралд орчихоод байгаа энэ үед бизнесийн энгийн алтаа сонгодог аргыг жинхэнэ утгаар нь хэрэглээд үзвэл илүү үр ашигтай байхыг хэн мэдлээ. Даанч зад хямдрал Монголд хугацаа нь дууссан бараагаа шахах хэлбэрээр л явагдах болж дээ.

Угтаа хямдрал гэдэг нэг үгээр хэлбэл, хэрэглэгчийн итгэл үнэмшлийг олж авах. Эдийн засгийн хямралыг боломж болгохын тулд барааныхаа үнийг 50 хувиар хямдруулчихад л ашгаа олчих юм шүү дээ. Учир нь Монголд худалдаалж буй барааны үнэ хилийн үнээсээ гурав дахин илүү байдаг гэдгийг худалдаачид өөрсдөө сайн мэдэж байгаа. Тэгэхээр 50 хувиар бараа хямдрууллаа гэхэд цаана нь 50 хувийн ашиг олж байдаг. Харамсалтай нь, Монголын худалдаачдын хувьд хэлсэн үнээрээ бараагаа зарах гээд махийчихдаг. Тэр нь эргэлтийг нь удаашруулж, ашгийг нь түгжиж байгаа гэдгийг ойлгодоггүй.

Гэтэл бусад улс оронд хямрал гэдэг бүрэн утгаараа хэрэгждэг. Үйлчилгээний газрууд хямдарсан шиг хямдарч үйлчлүүлэгчээ татаж чадаж байна. Америкт л гэхэд жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн баасан гаригт шинэ жилийн баярыг угтан ихэнх худалдааны төв, сүлжээ дэлгүүр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 70 хүртэл хувиар хямдруулдаг уламжлалтай. Худалдан авагчид нь энэ өдрийг тэсэн ядан хүлээж шөнөөс эхлэн дугаарладаг.

Мэдээж манайхан шиг хуучин үнийг нь өсгөж наачихаад хямдарлаа гэхгүй нь ойлгомжтой. Үүнийгээ тэд “Хар баасан гараг” хэмээн нэрийддэг. АНУ-ын Холбооны худалдааны байгууллагын мэдээллээр энэ өдөр Америк даяар 130 гаруй сая хүн үйлчлүүлдэг бөгөөд энэ тоо жилээс жилд өссөөр байгаа юм.

Гадныхан бараа бүтээгдэхүүнээ хямдруулж үйлчлүүлэгчдээ татдаг байхад манайхан хууран мэхлэж үйлчлүүлэгчдээ буцаагаад байх юм. Тэд башир аргаар их орлого олох гэж сурталчилгаа хийхийн оронд бодит хямдралыг зарлаж үйлчлүүлэгчдээ татдаг “ухаан”-д суралцмаар юм даа.

Одоо удахгүй шинэ он ч гарах нь. Тархины болон мөнгөний түгжээгээ мултлаад өгөөч Монголчууд минь. Сэтгэл сэргэтэл сайхан sale-дээд өгөөч.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ